Энэ хууль батлагдахаас өмнөх дөрвөн жилд улсын хэмжээнд 77 тонн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тонн болж, 38 хувиар огцом буурсан байна. Гэтэл дэлхийн зах зээл дээрх алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй, 2009 оноос хойш огцом өссөн юм. 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд 700, 2008 онд 1000, 2012 онд 1800 ам.доллар болж зургаадахин өсчээ. Ийнхүү алтны үнэ өсөөд байхад манай улсад алт олборлолт буурсан нь татвар, хуулийн орчинтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Иймд цаг хугацаа алдалгүй алтны худалдааг ил тод болгох нь чухал гэж Засгийн газар үзэн хуулийн төсөл боловсруулсныг өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Олборлосон алтыг худалдан авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монгол банкинд хариуцуулан цэгцэлж, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж,алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулжээ. Олборлосон алтаа таваас доошгүй жил Монголбанк, дотоодын арилжааны банкуудад худалдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ 5 хувь байсныг 2.5 хувь болгох, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор тусгажээ. Хууль батлагдвал жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо гарчээ.
Алтны худалдааг ил тод болгох тухай хуулийн төсөл, энэ хуулийг дагаж Ашигт малтмалын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэх юм.