Кервиелийг “хүний хийхгүй эрсдэл” гаргасан гэж буруутгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Кервиелийг “хүний хийхгүй эрсдэл” гаргасан гэж буруутгаж байна


Францын “Societe Generale” банкны брокер Жероме Кервиелийг /Jerome Kerviel/ “ямар ч банкны хийхээргүй, ямар ч хүний хийхгүй эрсдэл хийсэн” гэж түүний экс-захирал нь Парис хотод шүүх хурал дээр ярьсан байна. 33 настай ноён Кервиелийг 4.9 тэрбум еврогийн хохирол учруулсан гэж “Societe Generale” банк буруутгаж байгаа юм. “SocGen” компани түүнийг зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулснаас болж ийм их хохирол учирсныг 2008 онд мэдсэн бөгөөд түүнээс хойш мөрдөн шалгаж байгаа харин Кервиел өөрийг нь хуурамч бичиг баримт ашигласан, итгэл эвдсэн, хууль бусаар компьютер ашиглаж байгаа гэж буруутгаж байгааг эсэргүүцэж байна. Кервиел тус банкинд ажиллаж байхдаа 50 тэрбум хүртэл ам.долларын арилжаа хариуцдаг байсан байна.
“Кервиел болсон явдалд хэзээ ч уучлаарай гэж хэлээгүй. Жероме Кервиел бол Робин Гуд биш. Тэр бол дэлхий дээр арилжаа хийгээд хамгийн их мөнгө алдсан брокер” гэж “SocGen” банкны дарга асан Жан Пиерр Мустиер ярьсан байна. Банк нь өөрийг нь эрсдэлтэй арилжаа хийж байгааг мэдэж байсан ч зөнд нь орхисон гэж Кервиел ярьж байна. Тэрээр олон удаа банкнаас тогтоосон лимитийг хэтрүүлж арилжаа хийж байсан бөгөөд лимитиндээ багтсан юм шиг харагдуулахын тулд хуурамч гүйлгээний тоо нэмж байсан гэдгээ хүлээсэн. “Гэхдээ бүгд л ингэдэг байсан шүү дээ. Өглөө бүр биднийг лимитээ хэтрүүлж байна шүү гэж сануулсан мейл ирдэг байсан ч хэзээ ч донгодож, чангаар шүүмжилж байгаагүй” гэж тэр шүүх хуралдаан дээр ярьсан байна.

Товч намтар:
Кервиел 1977 онд Францын Бриттанид төрсөн.
2000 онд “SocGen” компанид ажилд орж захиргааны арын албанд ажилласан бөгөөд тэнд арилжаатай холбоотой бүхий л процессууд, хяналтуудын талаар сурж мэдсэн.
2005 онд тэр гол салбар буюу арбитрын худалдааны хэлтэст орж ажилласан бөгөөд европын хувьцаа, үнэт цаасны арилжаа хийдэг болсон.
2007 оны сүүлээр Францын хөрөнгийн биржийн албаныхан “SocGen” компанид брокер Кервиел ер бусын арилжаа хийж байгаа талаар мэдэгдсэн.
2008 оны нэгдүгээр сард “SocGen” компани хийсэн шалгалтаараа Кервиелыг 50 тэрбум еврогийн арилжаа нууцаар хийхдээ 4.9 тэрбум еврогийн алдагдал хүлээснийг илрүүлсний дараа түүнийг баривчилсан.
2008 оны гуравдугаар сард түүнийг батлан даалтанд гаргасан хэдий ч түүнийг итгэл эвдсэн, хуурамч бичиг баримт ашигласан, компьютерын сүлжээнд хууль бусаар зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж буруутгасан.
2008 оны тавдугаар сард “SocGen” компани Кервиел ганцаараа ажиллаж алдагдал учруулсан байна гэдгийг нотолсон дотоод шалгалтын хоёр тайлан хэвлэж гаргасан.
2008 оны наймдугаар сард “SocGen” компанийг Кервиелийн үйл ажиллагааг илрүүлж чадалгүй хяналт муутай ажилласан гэж дөрвөн сая еврогоор торгосон.
2009 оны наймдугаар сард түүнд албан ёсоор эрүүгийн хэрэг үүсгэсэн.
2010 оны тавдугаар сард Кервиел “Спираль: Брокерын дурсамж” гэдэг номоо хэвлүүлсэн
2010 оны зургаадугаар сард: түүнийг шүүх хурал Парис хотод эхэлсэн.

Банктай нь холбоотой шуугиан дэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор “SocGen” компанийн захиралын ажлаа хүлээлгэж өгсөн ноён Мастиер шүүх дээр “брокеруудад өөрсдийнх нь лимитийн талаар мэдэгддэг байсан” гэж ярьсан.. Тэрээр мөн шүүх хурал дээр анх хэргийг нь шалгаж эхэлж байх үеэдээ тэр Кервиелийг амиа хорлож магадгүй гэж болгоомжилж байсан бөгөөд брокерыгоо жорлонд ороход нь хүртэл хүнээр дагалдуулж байсан гэж ярьсан. Парис хотод болж байгаа шүүх хурал гурван долоо хоног үргэлжлэх болно. Хэрвээ шийтгэгдвэл Кервиел 375,000 еврогоор торгуулж тав хүртэл жил шоронд сууж магадгүй гэнэ.

Зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар брокерууд олон улсын санхүүгийн зах зээл дээр арилжаа хийж байна гэсэн мэдээлэл зах зээлийг шуугиулж эхэлсэн ч удалгүй түүнээс ч илүү шуугиантай асуудлууд тухайлбал АНУ-д моргейжийн зээлийн хямрал болж, АНУ-д Лехман Бродерс дампуурч, Бернард Мадоффийн Понзи залилангийн асуудал ил болсон зэрэг асуудлуудын шуугианд дарагдсан юм.

Францийн санхүүгийн зохицуулах байгууллагуудаас дөрвөн сая еврогоор торгуулснаасаа хойш “SocGen” компани дотоодын системээ чангатгахын тулд 130 сая евро зарцуулсан гэж мэдэгдсэн. Тэрээр өөрийн бичсэн “Спираль: Брокерын дурсамж” хэмээх номондоо тэрээр “банкны брокеруудад хэн ч анхаарал хандуулдаггүй. Яг л хямдхан янхан шиг тэднийг ашиглаад хаядаг. Зарим өдөр орлого сайтай ажиллавал зүгээр л товчхон баярлалаа гэж хэлээд л гүйцээ” гэж бичсэн байдаг. Түүний өмгөөлөгч Оливиер Метцнер “SocGen” компани Кервиелийг буруутгаж байгааг эсэргүүцэж байгаа бөгөөд тэрээр “Кервиел зүгээр л хийдэг ажлаа хийж байгаад л буруутгагдаж байна.  “SocGen” банк Америкийн моргейжийн зах зээл дээрээс их хэмжээний алдагдалд орсон асуудлаас бусдын анхаарлыг холдуулахын тулд Кервиелийн асуудлыг босгож тавьж байна” гэж ярьж байна.

Цагдаагийн газрын хийсэн шалгалтаар Кервиелийг алдагдалтай арилжаанаас хувьдаа ашиг олоогүй бөгөөд түүнийг залилан буюу шамшигдуулалт хийсэн гэх үндэслэл алга байна гэсэн дүгнэлт гаргаад байгаа юм. Кервиел одоо өөр нэг газар компьютерын техникчээр ажиллаж байгаа бөгөөд сард 2,300 еврогийн цалин авч байгаа гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж