2006 онд батлагдсан "Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль"-ийг мөрдсөнөөр алт олборлогчдод татварын дарамт нэмэгдэж,үүнийг даган алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосноо нуух, татвараас зайлсхийж арилжааны банкинд барьцаалах зэрэг далд наймаа идэвхжих хандлага ажиглагдаж байна. Монголбанк болон арилжааны банкуудад тушааж буй алтны хэмжээ жил дараалан буурснаар улсын валютын нөөцийн бүрдүүлэлтэд сөргөөрнөлөөлжээ.
Энэ хууль батлагдахаас өмнөх дөрвөнжилд улсын хэмжээнд 77 тн алт олборлосон бол хууль хэрэгжсэн дөрвөн жилд 48 тн болж, 38 хувиар огцом буурсан байна.Гэтэл дэлхийн зах зээлдээрх алтны үнэ сүүлийн 13 жилд тасралтгүй, 2009 оноос хойш огцом өссөн юм. 2000 онд 1 унц алтны үнэ Лондонгийн металлын бирж дээр 300 ам.доллар хүрэхгүй байсан бол 2006 онд 700, 2008 онд 1000, 2012 онд 1800 ам.доллар болж зургаадахин өсчээ.Ийнхүүалтны үнэ өсөөд байхад манай улсадалтолборлолт буурсан нь татвар, хуулийн орчинтой холбоотой гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Иймд цаг хугацаа алдалгүй алтны худалдааг ил тод болгох нь чухал гэж Засгийн газар үзэн хуулийн төсөл боловсруулсныг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ.
Олборлосон алтыг худалдан авах, экспортлох, бүртгэл, тооцоо эрхлэхийг Монголбанкиндхариуцууланцэгцэлж, тусгай зөвшөөрөлтэй компани, бичил уурхайчдын олборлосон алтыг нэгдсэн журмаар авдаг системд шилжүүлж,алт зуучлагчдын хууль бус далд наймааг зогсооход чиглэсэн зохицуулалтуудыг хуулийн төсөлд оруулжээ. Олборлосон алтаа таваас доошгүй жил Монголбанк, дотоодын арилжааны банкуудад худалдвал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ 5 хувь байсныг 2.5 хувь болгох, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрийг хүчингүй болгохоор тусгажээ. Хууль батлагдвал жилд олборлох алт 20 тонноор нэмэгдэж, ирэх таван жилд 150 тонныг олборлох боломжтой гэсэн тооцоо гарчээ.
“Алтны худалдааг ил тод болгох тухай хууль”-ийн төсөл, энэ хуулийг дагаж “Ашигт малтмалын тухай хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдээс гаргасан саналыг тусгаж УИХ-д өргөн мэдүүлэх юм.
Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.
Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног харилцан визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулна.
Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна.
Монголын цахилгаан холбоо ХК-д хөрөнгө оруулалт хийх чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Кореа телеком компанитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах асуудлыг хэлэлцэж, түүнд гарын үсэг зурах эрхийг Мэдээллийн технологи, шуудан, харилцааны газар болон Төрийн өмчийн хороонд олголоо.
Дараа үеийн утасгүй сүлжээ буюу 4G LTE технологи нэвтрүүлэх, Монголын зах зээлд утасгүй холбооны шинэ үе эхлүүлэхэд талууд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана.
Төрийн өмчийн оролцоотой МЦХ ХК-ийн хувьцааны 40 хувийг Кореа телеком компани 1995 оноос эхлэн эзэмшин хамтран ажиллаж байгаа юм. Кореа телеком нь БНСУ-ын үүрэн болон суурин утасны хувийн өмчийн томоохон компани бөгөөд 4G LTE технологид суурилсан интернэтийн үйлчилгээг Солонгос улс даяар амжилттай нэвтрүүлсэн цорын ганц оператор аж.
Манай улсын хамгийн том станц ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг эн тэргүүнд шинэчлэх шаардлагатай. 1983 оноос хойш улсын эрчим хүчний гол ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсоор байгаа юм.
Иймд IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газар санал боловсруулсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42,5 сая ам.доллар бөгөөд жилийн 0,3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй.
Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасгана, доголдол зогсолтыг бууруулснаар турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг хэмнэнэ. Нийслэлийн эрчим хүчний хангамжийн зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан экологид ээлтэй болгох шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлж, 2017 онд дуусгана.
Эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд 5-7 хувь өснө, цаашид ч энэ өсөлт хадгалагдах хандлагатай байна. Тиймээс одоо ажиллаж буй станцуудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлийг Засгийн газар барьж байна.
“Улаанбаатар метро” төсөлд шаардагдах хөрөнгийн тооцоо гаргаж, зээлийн гэрээний төсөл бэлтгэхийг даалгалаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг хэлэлцлээ. Нийслэлд нийтийн тээврийн метро барих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд "Улаанбаатар метро" төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
Метро байгуулснаар эдийн засагт шууд бусаар олон үр дүн, өгөөж өгнө. Тухайлбал, 2030 он хүртэл метроны буудал орчимд ойролцоогоор 1,300 га талбайг дахин хөгжүүлэх боломжтой. Давхруудын нийт талбайг 850$/м2 гэж үзвэл 10.5 тэрбум ам.долларын үлхөдлөх хөрөнгийн зах зээл метроны шугам дагуу бий болно. Үүнийг дагаад 156 мянган ажлын байр шинээр бий болж, улсад хуримтлагдах татвар нэмэгдэнэ. Өртөөорчмыг хөгжүүлэх хүрээнд шинээр 50 мянга орчим айлын орон сууц барина. Иргэд автобусаар 45 минут явдаг газар 15 минутад очдог болно.Төвийн дүүргүүдийн түгжрэл багасч, хөдөлгөөний ачаалал 16%-иар буурч, хурд 25% нэмэгдэнэ. Автомашины ослын тоо буурч, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, нийгмийн зардал багасах юм.
"Улаанбаатар метро" төслийн судалгааны тайланг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд нарийвчилсан судалгааг 2015 онд багтаан дуусгах шийдвэр гаргалаа.
Ургац хураалтын ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа
Ургац хураалтын ажлыг технологийн дагуу богино хугацаанд шуурхай зохион байгуулахыг үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад даалгалаа. Мөн ургац тээвэрт ашиглагдах зам гүүрийн засварыг шуурхайлж дуусгах, цахилгаан эрчим хүч татах, шатах тослох материалаар тасалдалгүй хангах арга хэмжээ авахыг Зам тээврийн болон Эрчим хүчний сайд нарт үүрэг болголоо.
Хавар 5, 6 дугаар сард нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар сард бороо үргэлжлэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байна. Энэ нь цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой гэсэн үг юм. Ойрын өдрүүдэдхөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тулд болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байгаа юм.
Энэ онд ургацын урьдчилсан балансаар 420 мянган тонн үр тариа, үүнээс 400 мянган тонн буудай, 210 мянган тонн төмс, 100 мянган тонн хүнсний ногоо, 65 мянган тонн тосны ургамал, 21мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.