Гоолын шугам технологийн тухай

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Гоолын шугам технологийн тухай

Гоолын шугам технологи нь хөлбөмбөгийн спортод хэрэглэгдэх технологи бөгөөд бөмбөг гоолын шугамыг давсан эсэхийг шалгаж, талбай дээрх шүүгчийн шийдвэрд туслах зорилготой юм. Гэхдээ энэхүү технологи нь шүүгчийг орлохгүй, гоол орсон үгүй нь эргэлзээтэй үед шүүгчдэд шийдвэр гаргахад нь туслах юм. ГШТ (GLT) нь бөмбөг гоолын шугамыг бүрэн давсан эсэхийг тодорхой шалгаад шүүгчид зөв мэдээлэл хүргэх үүрэгтэй. Английн Премиер Лиг, 2010 оны Дэлхийн Цом, 2012 оны Европын Аварга (уг нь энэ технологийг дэмжихгүй байсан) зэрэг тэмцээнүүд дээр гарч байсан гоолын маргаанаас үүдэн гоолын шугам технологийг хөгжүүлж туршиж үзэх эхлэл нь тавигдсан юм.

2012 оны Долдугаар сарын 5-д Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны Удирдлагууд гоолын шугам технологийг ашиглахаар албан ёсоор зөвшөөрсөн юм. Энэ хүрээнд олон технологи танилцуулагдаж байснаас тестийн явцад ГоолШүүгч(GoalRef) болон Харцагын-Нүд (Hawk-Eye) гэсэн хоёр үндсэн технологи шалгарсан юм. 2012 оны Арван хоёрдугаар сард Японд зохиогдсон ФИФА-ийн Клубуудын Дэлхийн Цомд анх удаа уг технологи ашиглагдсан юм.



Зайлшгүй шаардлага

2000 онд болсон Африкийн Цомын тэмцээнд Нигерийн тамирчин Виктор Икебагын Камеруны эсрэг цохисон торгуулийн цохилтыг шүүгч бөмбөг шугам даваагүй гэж үзсэнээс үүдэн хамгийн анх гоолын шугам технологийг хэрэглэх хэрэгтэй юу? гэсэн асуултыг гаргаж ирсэн байдаг. Уг тоглолтын дараа зурагтаар бичлэгийг давтаж харуулахад бөмбөг шугамыг бүрэн давсан байсан ба харамсалтай нь Нигер биш Камерун торгуулийн цохилтоор ялж Африкийн Аварга болсон юм.

Хожим 2005 оны нэгдүгээр сард Английн Манчестер Юнайтэдболон Тоттенхем багуудын хооронд болсон тоглолтын үеэр Тоттенхемийн хагас хамгаалагч Педро Мендесийн 50 метрээс цохиосон цохилт, гоолын шугам технологийг хэрэглэх асуудлыг бүр хурцатгаж өгсөн юм. Юнайтдын хаалгач Рой Каролл бөмбөгийг барьсан боловч алдаж бөмбөг бараг 1 м өнхөрч шугамыг давсны дараа хаалгач эргүүлээд гаргасан юм. Харамсалтай үүнийг талбайн шүүгч, захын шүүгчийн аль ч харалгүй өнгөрсөн. Үүний дараа ФИФА энэ технологийг ашиглахаар шийдэж Adidas-тай хамтран бөмбөгөнд чип суулган хаалганы багануудад мэдрэгч суулгаж бөмбөг шугам давсан эсэхийг шалгаад шүүгчдэд сигнал дамжуулах технологийг боловсруулжээ. Гэхдээ уг систем 95%-ийн үр дүнтэй ажиллаж байсан учраас ФИФА-ийн ерөнхийлөгч Зеф Блаттер үүнээс татгалзжээ.

2009 оны Наймдугаар сард Кристал Палас, Бристол Ситийг хооронд болсон тоглолтонд мөн л гоолын маргаантай асуудал гарсан байна. Гоолыг тооцоогүйд Паласын дасгалжуулагч Нейл Варнок маш их ууртай байлаа. Ийнхүү 2010 оны гуравдугаар сард Олон улсын Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлөөс Шотланд болон Английн хөлбөмбөгийн холбоо л уг технологийг ашиглах талаар санал гаргаж байлаа. Мөн УИФА Европа Лигийн 48 багийн ахлагчдаас авсан санал асуулгаар 90% нь уг технологийг ашиглахийг хүсэж байна гэсэн дүн гарчээ. Үүний дараа шүүгчийн алдаанаас болоод хэд хэдэн ноцтой асуудлууд босож ирсэн юм. Тэдний нэг нь 2010 оны Дэлхийн Цомын тэмцээнд Англи 4:1харьцаатай Германд хожигддог тоглолтод нэгдүгээр үеийн төгсгөлд Фринк Лампартын Германы эсрэг хийсэн гоол юм. Бичлэгийг давтаж харуулахад бөмбөг гоолын шугамыг давсан боловч шүүгч тооцоогүй. Хэрвээ уг гоолыг тооцсон бол тоглолт 2:2 харьцаатай нэгдүгээр үеийг дуусгаж хоёрдугаар үед байдал арай өөрөөр эргэх байсан ч болох талтай. Гэхдээ тоглолт 4:1 харьцаатай Германы багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ үйл явдлын дараа ноён Блаттер, гоолын шугамын технологийг ФИФА дахин нэвтрүүлэх болсныг зарласан.

Тест

2011 оны Долдугаар сард ФИФА нийт 10 технологи дээр туршилт хийсэн бөгөөд эдгээр системүүд нь шүүгчдэд 1 секундын дотор гоол орсон эсэхийг мэдээлж байх үүрэгтэй юм.

Эндээр технологиудаас зарим нэгийг доор тайлбарлъя.

Cairos GLT систем

Системийг Германы Carios Technologies AG хөгжүүлж Adidas нэврүүлсэн. Уг системийн ажиллах зарчим нь бөмбөгөнд суурьлуулсан чипийг соронзон орноор дамжуулан халган дотор суурьлуулсан мэдрэгчүүдээр мэдэрх юм. Мэдрэгчүүд бөмбөгнөөс соронзон орны долгионыг мэдэрч дохиолол болгон компьютер уруу дамжуулж бөмбөг шугам давсан эсэхийг шалгах юм. Хэрвээ бөмбөг шугам давсан тохиолдолд шүүгчийн цаг уруу 1 секундын дотор радио дохио дамжуулна. Үүний тулд бөмбөгөн дотор мэдрэгч суулгах шаардлагатай ба бөмбөгийг асар их хүчээр цохисон ч мэдрэгч ажиллаж байх зарчимтай, ийм бөмбөгийг Adidas бүтээсэн байна. Гэвч бодит байдал дээр уг технологи асар хурдтай ажилласан ч гэсэн тоглоомыг удаашруулж магадгүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа.

Goalminder

Уг системийг анх зохион бүтээх санааг Харри Барнес, Дави Парден нар өөрсдийнх нь дуртай баг Болтон Вандерэрсийн нэг тоглолтод оруулсан гоолыг тооцоогүйгээс болж гаргажээ. Эхэндээ уг технологийг төдийлөн сонирхохгүй байсан ч 2010 оны дэлхийн аваргын Френк Лампардын гоолоос хойш ФИФА сонирхох болсон байна. Уг системийн ажиллах зарчим нь асар өндөр хурдны камеруудыг(секундэд 2000 прем) хаалганы хөндлөвчинд суурьлуулж дүрсийг шүүгчдэд 5 секундын дотор харуулж шийдвэрийг гаргана. Гэхдээ энэ технологи нь шийдвэрийг гаргахгүй, зүгээр л үйл явцын дүрсийг л шүүгчид харуулах учраас бас л тун эргэлзээтэй. Гэхдээ уг технологи хямд камер ашиглаж байгаа учраас өртөгийн хувьд бусад технологиос хамаагүй хямд юм.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж