Багш бэлтгэдэг их, дээд сургуулийн элсэлтийн чанарт бодлогын зохицуулалт хийх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Багш бэлтгэдэг төрийн өмчийн их дээд сургуульд элсэгч элсэлтийн ерөнхий шалгалтад 650-750 оноо авбал сургалтын төлбөрийн 70, түүнээс дээш оноо авбал 100 хувь чөлөөлнө.
Мөн багшлах дадлагыг хөдөө орон нутагт хийх нь илүү үр дүнтэй гэж үзэн дадлагад хамрагдах оюутан, багшийн томилолт, унааны зардал, урамшууллыг улсын төсвөөс санхүүжүүлэх шийдвэр гаргасан гэдгийг тодотголоо.
Багш нар хүүхэд нэг бүрийн авъяасыг нээн хөгжүүлэх, хүүхэд бүрт хүрч ажиллах нь чухал. Зөв монгол хүүхдийг өсгөж хүмүүжүүлэх нь гол зорилт болоод байна. Тиймээс монгол ахуй, монгол соёл, уламжлалыг түгээх бодлогыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа гэдгийг онцлоод эрдэм чадалтай багш нар манай улсын хөгжлийн гол судас. Хүүхэд хөгжиж байж улс орон хөгжинө гэж Өвөрхангай аймгийн багш нарт Ерөнхий сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.