Боловсролын шинэчлэлийн талаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Боловсролын шинэчлэлийн талаар хуралдав

Увс аймгийн ЗДТГ, Боловсролын газартай хамтран “Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурлыг 8-р сарын 28-нд зохион байгууллаа.

Энэ жилийн бага хурлын онцлог нь сум, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд болон эцэг эх, сурагч, дэмжигч байгууллагын төлөөллийг оролцуулснаараа боловсролыг хөгжүүлэхэд бүх нийтийн оролцоо чухал гэдгийг ойлгуулахад оршино. “Боловсролын шинэчлэлд бидний оролцоо” сэдэвт бага хурлаар өнгөрсөн хичээлийн жилийн ололт амжилт, алдаа дутагдлыг дүгнэн ярилцаж 2013-2014 оны хичээлийн жилийн зорилтоо дэвшүүллээ.

2013 онд манай аймгийн боловсролын салбарт сургуулийн хичээлийн байрны хүчин чадал 3810 суудлаар, цэцэрлэгийн орны тоо 1125, дотуур байрны ор 1075-аар нэмэгдсэн байна. Ингэснээр нэг багшид оногдох хүүхдийн тоог 15 болгон бууруулжээ.

Хуралдаанд аймгийн Засаг дарга оролцож “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, энэ хичээлийн жилд бүх төрийн байгууллага, ялангуяа багш, удирдлагууд хариуцлага, зан харилцааны хувьд ёс суртахуунтай байж хүүхдүүдийнхээ боловсролын төлөө сэтгэл гаргаж ажиллахыг захив.

Ерөнхий боловсролын бүх сургуулиудын 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний ням гаригт болно. Хичээлийн эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон даяар теле хичээл заасны дараа аймгийн Засаг дарга Оюун түлхүүр, Цаасан шувуу номоор хичээлээ заахаар төлөвлөж байгаагаа дурдлаа.

П.ДАРИЙМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж