“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнөөдөр нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд зориулж оюутан, залууст тэтгэлэг олголоо. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын 11 залууст их, дээд сургуульд суралцахад нь нэмэр хандив болох зорилгоор тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлгийг гардуулсан юм. Эдгээр залуус нь орон нутгийн засаг захиргаанаас нэрлэсэн салбар бүрт суралцдаг шилдэг оюутан, залуус бөгөөд ийнхүү “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь тэтгэлэг гардуулж амжилт хүслээ. Залуус цаашдаа амжилттай суралцвал “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас ажлын байраар хангах боломжтойг арга хэмжээний үеэр компанийн удирдлагууд дуулгасан юм.
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Хөдөлмөрийн яамтай хамтран “Шинэ баянбүрд” төслийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүгээр малчдын ахуй амжиргааг дээшлүүлэх, хөдөө орон нутгийн хөгжлийг дэмжих буюу булаг, шандыг хамгаалалтад авах, нарийн ногоо, жимс жимсгэнэ, модлог ургамлын суулгац тарих, малчид, тариаланчдад сургалт хийсэн байна. Цаашдаа төсөл үргэлжлэн хэрэгжих бөгөөд энэ нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилготой ажээ.