2012 оны орон нутгийн сонгуулийн дараа МАН-аас 13, АН-аас 12 хүн иргэдиийн төлөөлөгчөөр сонгогдсон. Ингээд иргэдийн хурлаа хийх гэтэл АН-ын төлөөллүүд хуралдаа ирээгүй. Иргэдийн хурал хуралдаж Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаа сонгосны дараа хууль зөрчсөн хэмээн Захиргааны хэргийн шүүхэд ханджээ. Энэ хэрэг нь 12 удаа хойшилсоор өнөөг хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Тиймээс Багануур дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал албан ёсоор хуралдах боломжгүй байгаа гэдгийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байсан юм.
Монгол Улсад эдийн засгийн хямрал болж байгаа бол орон нутагт засаглалын хямрал түүнээс ч их нүүрэлчихээд байгааг Багануур дүүргийн ИТХ дахь МАН-ын төлөөллүүд хэлж байлаа. “МАН төрийн ажлыг хамтарч хийе гэсэн байр сууринаас хандаж ирсэн бөгөөд өдгөө ч гэрээ хэлцэл ёсоор Засгийн эрхийг АН-д хэвээр үлдээж, Багануур дүүргийн Засаг даргад хариуцлагатай хүн томилохыг хүлээж байна” хэмээн Багануур дүүргийн МАН-ын хорооны дарга Ц.Сандаг-Очир хэлсэн юм. Түүнчлэн өвөлжилтийн бэлтгэл, хадлан тэжээл гээд ид ажил ихтэй байдаг энэ үед Засаг дарга ч үгүй, Иргэдийн төлөөллөгчдийн хурлаа хийж чадалгүй төрийн ажил цалгардаж байгаа учраас Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хотын захиргаа энэ асуудлыг анхааралдаа авч, яаралтай шийдэж өгөхийг хүсч буйгаа уламжиллаа.