Эрх мэдлээ урвуулан ашигласан гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Эрх мэдлээ урвуулан ашигласан гэв

“Монголд бид үйлдвэрлэв” ТББ-ынхан өнөөдөр МҮОНРТВ-ийн хэвлэлийн танхимд бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ. Тус ТББ нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал болон яамны хөнгөн үйлдвэрлэлийн газрын удирдлагуудыг үүрэгт ажлаасаа огцрохыг шаардсан юм. Учир нь энэ жил хичээлийн шинэ жилд зориулж, сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэхэд 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд үүнийг шийдвэр гаргах шатны хүмүүс эрх мэдлээ урвуулан ашиглаж, зохисгүй зарцуулсан гэж тус ТББ-ынхан үзэж байгаа юм. Энэ хэмжээний хөрөнгө нь 21 аймагт ахуйн үйлчилгээний төв байгуулж, 3000-5000 хүнийг ажлын байраар шууд хангах хөрөнгө гэх бөгөөд дээрх албан тушаалтнууд долоон компанид хэрхэн сонгон шалгаруулалт хийсэн нь тодорхой бусаар зөвшөөрөл өгч, ажлыг даалгасан байна. Тодруулбал, нэр бүхий долоон компанид “кластер” нэрийдлээр зөвшөөрөл олгож, дүрэмт хувцас хийх эрхийг өгсөн гэнэ. Эрх авсан компаниуд нь материалаа хэрхэн, хаанаас, хэдий хэмжээгээр татаж авч хаана хийсэн нь тодорхойгүй буюу монголд үйлдвэрлэсэн гэдэг нэрийн дор урд хөршид үйлдвэрлүүлчихсэн байхыг үгүйсгэхгүй ажээ. Энэ нь чөлөөт зах зээлийг боомилсон үйлдэл болохоор зогсохгүй дүрэмт хувцасны үнэ, чанар хангалтгүй байгаа тухай төрийн бус байгууллагын төлөөлөгчид шүүмжилсэн юм. Тиймээс эрх бүхий албан тушаалтнуудыг үүрэгт ажлаасаа огцорч, үйлдвэрлэлийн салбарыг чөлөөт өрсөлдөөнт болгох хэрэгтэйг онцоллоо.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж