Их Британи: Жаахан бодъё
Их Британийн цагаар шөнийн 23:05 цагт Сири рүү дайрах тухай хэлэлцэж олонхийн саналаар Сири рүү дайрах дайралтын төслийг буцаасан. Тэд дахиад хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн нь энэ. Магадгүй Дэвид Камерон энэ талаар төсөөлж чадаагүй байх. Хэдийгээр тэр парламентын гишүүдэд Сирийн харгислал, химийн зэвсэгийн хэрэглээ, сүүлийн хэдэн жилийн хугацаанд амь үрэгдсэн хүмүүсийн тухай “элэг эмтлэм” мэдээллүүд хэлсэн ч гишүүд түүний үгийг тоосонгүй. Яг энэ үйл явдлын дараа Сэм авгын үр сад байдалд орсон. Тэд магадгүй ногоон гэрлээр батлагдана гэж бодож байсан. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Ирак, Афганийн асуудал дээр хэзээ ч Их Британи бөгсөө харуулж байгаагүй. Байдалд орж байх тэр мөчид цагаан ордноос мэдээлэл хийсэн. АНУ хэзээ ч бууж өгөхгүй гэж. Сирид энхтайван цогцлооно гэж. Сирийн харгислалыг нугачин дарна гэж. Тэд ийм л мэдэгдлийг хийсэн. Нэг ёсондоо Их Британитай, британигүй Сири гэх адармаатай улсын ирээдүйг шийднэ гэдгээ дэлхий нийтэд зарласан нь энэ.
АНУ: Дайраад
Дайраад, дайраад, дайраад. АНУ-ын хэлбэрэлтгүй байр суурь нь энэ. Химийн зэвсэг хэрэглэдэг гэдгийг мэдэгдсэн. Ассад хууль зөрчиж, Каддафи, Саддам, Бин Ладен нарын араас орж байгааг зарласан. Жирийн иргэдийг хайр найргүй устгаж байгааг зарласан. Нэг ёсондоо бүх дэлхийд Сирийг нүдэнд орсон хог мэт харагдуулах бүх үйлдлийг тэд хийсэн. Одоо тэдэнд нэг л сонголт байгаа. Энэ бол Ассадыг “амьтан” болгох. Сүүлийн жилүүдийн АНУ-ын нүүдэл ердөө л энэ байсан. Аль Кайдаг намнах нэрээр Афганы дайн эхлэсэн. Саддамыг нугачин дарж, энхтайван авчирна гэж Иракыг галдан шатаасан. Каддафийг дарж, ардчилалыг цэцэглүүлнэ гэж Ливийг бужигнуулсан. Энэ бүх дайралтын үр дүнд Саддам, Каддафи, Бин Ладен гэх сөрөг дүрийн баатрууд бүгд байхгүй болсон. Яг л хэзээ ч мөхөж, сөнөж, ялагддаггүй супер баатруудын цуврал ном шиг сөрөг дүрүүд байхгүй. Гэхдээ одоо ганц баатар байгаа нь Ассад. Хэдийгээр Ассадыг намнах нь гол зорилго биш гэж байгаа ч хэрвээ сөрөг дүрийн баатаргүй бол дайраад хэрэггүй шүү дээ. Энэ бол хэнд ч ойлгомжтой зүйл. Тэд гол байнуудыг тогтоосон гэж ярьж байгаа. Тиймээс дайн болохгүй. Товлосон бай руугаа дайраад л болоо гэж америкчууд мэтгэж байгаа. Гол байнууд нь юу юм бэ? Олонд ил болсон зүйл байхгүй. Газрын тосны орд байрладаг Хомс хот бол яах аргагүй бай нь. Учир нь тэнд сөрөг хүчнийхэн төвлөрсөн байгаа. Дээр нь томоохон тамгийн газрууд тэнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг ёсондоо Сирийн амь тариа нь тэр хот. Одоохондоо АНУ ганцаараа байна. АНУ ганцаараа ч энхийг сахиулагчийн дүрд тоглоно гэдэг нь нэгэнт тодорхой болсон.
Сири: Дайрвал дайр
Сирийн хувьд байдал ийм л байгаа. Ассадын зүгээс хэрвээ газар нутаг руу нь дайрвал тэд хариу гал нээхээ мэдэгдсэн. АНУ-ын байнга харддаг Аль Кайда ч үүнийг дэмжиж байгаа. ОХУ болоод Хятад улс зэвсгийн нийлүүлэлт хийж магадгүй байгаа. Хэрвээ гадныхан дайрвал Сири илүү нэгдэж ч болох юм. Одоогоор Ассадын нэр хүнд дотооддоо хараахан шалдаа буучихаагүй байна. Ассадын баримталдаг гол зарчим бол дангааршиж, газрын тос зэрэг асуудал дээр олон улсын компаниудыг авчирч, эх орондоо ашигтай бодлого хэрэгжүүлэх. Энэ бол Ассадыг дэмжигчдийн тодорхойлолт. Харин бусад нь түүнийг зөвхөн өөртөө газрын тосны мөнгийг зарцуулж, авлига, хээл хахууль, ганц хүний ноёрхолыг дэмждэг увайгүй нэгэн. Нэмэх, хасах тодотголуудын дунд Сирийн байдал тун эгзэгтэй болж ирлээ. Тэдний асуудлыг Их Британи, АНУ нар шийдэх болчихоод байна. Тэд тийм гэвэл илүү олон хүн амиа алдаж, хэдэн жил үргэлжлэх үймээн самуун дэгдэнэ. Хэрвээ үгүй гэвэл хэзээ дуусах нь үл мэдэгдэх иргэний дайны байдал тогтоно. Аль нь ч байсан Сирид хожих зүйл байхгүй. Ямар ч байсан одоо цаг хугацаа тэдний талд зогссон. Зогссон цаг хэзээ цохилж, дайны сүүдэр нөмрөх нь одоогоор тодорхойгүй байна.