Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьбал журамлана

Хуучирсан мэдээ: 2013.08.30-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьбал журамлана

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд болон зөвшөөрөлгүй газар автомашинаа тавьсан тохиолдолд тусгай зориулалтын ачигч машинаар  ачих тухай Нийслэлийн Засаг даргын А/769 тоот захирамж гарлаа. Захирамжийн хүрээнд хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, ачиж буулгана. Энэхүү журамлах үйл ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2005 оны 94 дүгээр  тушаалаар батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Захирамжийн хэрэгжилтийг хангах үүднээс Замын хөдөлгөөний удирдлагын төв тусгай зориулалтаар тоноглогдсон 3 төрлийн ачигч, чирэгч буюу нийт 12 ширхэг автомашин, чирэгчийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр худалдан авлаа. Улаанбаатар хотод Замын хөдөлгөөний дүрэм зөрчин замын нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгсэл зогсоож, тухайн авто замд түгжрэл үүсгэж, зам тээврийн осол гарах нөхцлийг бүрдүүлдэг. Мөн хөдөлгөөний нягтрал ихтэй үед автомашинууд хажуу хоорондын зай бариагүйгээс мөргөлдөх, шүргэлдэх хэлбэрээр осол ихээхэн бүртгэгдэж байна. Тиймээс замын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашинаар ачиж зөөвөрлөн авто замын зорчих хэсгийг чөлөөлж, хамгаалалт бүхий журмын хашаанд хийнэ. Түүнчлэн хяналттай төлбөртэй зогсоолд дугуйг зориулалтын цоожоор түгжин тавьж, төлбөр хураамжийг бэлэн бусаар хийх юм. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, хөдөлгөөний ачаалал буурч, иргэд замын хөдөлгөөний ухамсар соёлоо дээшлүүлэх чухал ач холбогдолтой юм. Энэхүү арга хэмжээг Замын хөдөлгөөний удирдлагын төв 2013 оны 9 сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж