“Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл сонсох ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2013.08.29-нд нийтлэгдсэн

“Оюутолгой”-н асуудлаар мэдээлэл сонсох ёстой гэв

УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод хандан хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтэд, “Сүүлийн үед улсын эдийн засгийн байдал муудаж, гадаадын хөрөнгө оруулалт эрс буурч байгаа тухай мэдээлэл гадаад, дотоодын хэвлэлээр олонтаа гарч олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж эхэллээ. УИХ-ын ээлжит бус чуулган хуралдахаар бэлтгэж байгаа нь дээрх сөрөг таамаглалыг баталсан үйл явц мэтээр олон нийтэд ойлгогдож байна. Асуудлын гол шалтгааныг судалж үзэхэд “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалттай ямар нэгэн байдлаар шууд болон шууд бус холбогдож байна. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлуудтай холбоотой үнэн бодтой, суурь мэдээллийг авахын тулд “Оюутолгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлд Монгол Улсыг төлөөлж байгаа эрхэмүүдийг УИХ-ын чуулганд урьж нээлттэй мэдээлэл авах шаардлагатай гэж үзэж байна. Иймд “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Пунцагийн Цагаан, Нацагийн Багабанди, Чулууны Ганболд нарыг урьж одоо үүсээд байгаа нөхцөл байдал, хөрөнгө оруулалтын асуудал, төслийн ирээдүй, үр дүнгийн талаар болон холбоотой бусад мэдээллийг УИХ-ын гишүүдэд шууд өгүүлэх ажлыг УИХ-ын ээлжит бус чуулганы өмнө буюу эхэнд зохион байгуулахыг хүсье” гэжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж