Сири бол АНУ болон европийн томоохон гүрнүүдийн хувьд амттай бяслаг. Газрын тос болоод байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд тэргүүлэх орон бол яах аргагүй Сири. Тэд ийм арвин баялаг нөөцтэй ч дэлхийн томоохон гүрнүүдийн бай бололгүй өдийг хүрсэн. Саяхан болтол тэд том хайрцагны гадна талд байлаа. Хоёр жилийн өмнөөс АНУ болон барууны орнууд тэднийг сонирхож эхэлсэн. Арабын хавар болсон. Сирийн хямрал эхэлсэн. Ердөө хоёрхон жилийн дотор болсон үйл явдлын гинжин хэлхээг дурьдвал ийм байна. Одоо Сирийг АНУ, Их Британичууд нийлээд “базах” гэж байгаа. Тэдний энгийн тодорхойлолтоос харвал гол бай нь Ассад биш. Гол бай нь Сири бүхэлдээ. Тэд Сирийг энхтайванч, эрх чөлөөт, ардчилсан улс болгох зорилгоор дайралтыг эхлүүлнэ. Яг л Афганистан, Иракад халдсан шиг. Одоо энэ хоёр улс ямар байдалтай байгааг дэлхий нийт харж байгаа.
Сирийн дотоодын нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувийг газрын тос, байгалийн хийн салбар хангадаг. Ерөнхийдөө Сирийн гол тулгуур нь газрын тос. 2012 оны судалгаагаар 22 мянган куб метр газрын тосны нөөцтэй. Байгалийн хийн салбар газрын тосыг бодвол харьцангуй хожуу илрүүлсэн ч өдөрт 22 сая куб метр байгалийн хийг олборлож байгаа гэх судалгааг гаргажээ. Судалгаан дээр ямар нэгэн алдаа гараагүй бол дэлхийн хамгийн том байгалийн хийн олборлолттой улс болж таарч байна. Байгалийн хий болоод газрын тосны олборлолтыг Хомс хотод байх үйлдвэрийн цогцолбороос гаргадаг. Тэгэхээр эхний бай нь мэдээж Хомс. Холбоотнуудын тодорхойлолтоор энэ хотод халдвал Ассад үг дуугүй бууж өгнө. Дараагийн бай нь Алеппо, Дамаск. Мэдээж улс орны онцгой байгууллагууд энэ хоёр хотод хуваагдан төвлөрсөн байгаа. Холбоотнуудын нарийн тогтоосон бай нь ердөө л энэ. Магадгүй Аль Хассака, Хама зэрэг жижиг хотууд тэдний хараанд өртөж болох юм.
1980 оны дунд үед газрын тосны нөөцийг гаргуулах ажлын хэсэгт АНУ тэргүүлэн оролцсон. Мэдээж НҮБ зуучилж байж энэ хэсэгт орсон шүү дээ. Тухайн үед агуулагдаж байгаа газрын тосоор бүх дэлхийг 70 гаруй жил хангах хэмжээний нөөцтэй гэсэн дүгнэлт гарсан. 1995 онд өдөрт 600 мянган баррел нефть экспортолдог байсан гэдэг. Нэг ёсондоо Европ болоод АНУ-ыг чимээгүйхэн тэжээж байсан газар бол Сири. Одоо цаг үед ирье. 2012 онд АНУ-аар тэргүүлүүлсэн холбоотон гүрнүүд газрын тосны экспортод хориг тавьсан. Хэрвээ ОХУ экспортыг нь хориглочихсон бол Сири нэг ёсондоо багалзуурдуулах байлаа. Бас болоогүй ойрын 15 жилийн хугацаанд ураны хайгуулыг хийх байсан АНУ-ын компаниуд нүүрээ буруулсан. Гэсэн ч Ассад бууж өгөөгүй.
Бүхний эхлэл өнөөх л Арабын хавраар эхэлсэн. Нэг ёсондоо сөрөг хүчин гэдэг огт өөр ойлголт Сири улсад бойжиж эхэлсэн юм. Сирийн сөрөг хүчнийхнийг Аль Кайдачууд хангадаг гэсэн баримт Вашингтон Постод дэлгэгдсэнээс хойш энэ талаар ер АНУ-д дурьдаагүй билээ. Гол асуудалдаа оръё. Аль Кайдаг АНУ өөрсдөө байгуулсан. Афганистантай ОХУ байлдаж байхад, байнга сөргөлдсөөр ирсэн ОХУ-г бут дархын тулд шүү дээ. 9/11-ийн хэргээр АНУ нүүрээ буруулж Аль Кайдаг террорист сүлжээний хамгийн том байгууллага гэж цоллосон. Үүгээрээ Аль Кайдаг АНУ санхүүжүүлдэг гэсэн маргааны сэдвийг шал өөр тийш нь эргүүлж чадсан юм. Үнэндээ Сирид болж байгаа харгислалын дийлэнхийг сөрөг хүчнийхэн үйлдэж байгааг Ассад ч тэр, НҮБ-ын зарим гишүүд ч тэр баталдаг. Гэхдээ Ассад нэр хүндгүй, НҮБ-ын зарим гишүүд гэх тодорхойлолтод ОХУ тэргүүтэй хуучин социалист системд багтаж байсан улсууд баталдаг болохоор тэр бүр олны анхаарлыг татахгүй гэсэн үг. Энэ бүгдээс улбаалаад Сири тэгвэл яагаад байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Угтаа Сири яагаа ч үгүй юм. Газар нутгийн байрлалаараа хэтэрхий баялагтай болохоор л тэр. Энэ бүх хугацаанд тэгвэл сөрөг хүчин юугаар санхүүжигдэж байсан бэ? Газрын тосны зах зээл дээр тоглож, багагүй мөнгө хийсэн Сирийн сөрөг хүчнийхэн. АНУ-ын харилцан туслалцах хүрээлэн. Мэдээж зэвсэг хангалтан дээр Аль Кайда байгаа. “Хэрвээ та бүхэн Сирид ирэх зоригтой бол ирээд харах хэрэгтэй. Бүх хэрцгийлэлийг хэн үйлдээд байна вэ, ард түмний чин хүсэл нь юу вэ. Хэрвээ Ассад гурван жилийн өмнө газрын тос болоод байгалийн хийн салбарт дэлхийн хүчтэй тоглогч улс болно гэсэн зорилт дэвшүүлээгүй бол Ассад ч, Сири ч энхтайван байх байлаа” гэж Сирийн ерөнхийлөгчийн бодлого эрхэлсэн сайд Мансур Фадлала Аззам ярьж байсан удаатай.
Сирийн харгислалын талаар бүхэл бүтэн 15 мянга гаруй хуудас материал Ассанжид бий. Тэр үүнийгээ өнгөрсөн жилийн сүүлээр мэдэгдсэн. Хэрвээ Маннинг тэргүүтэй олон шүгэл үлээгчид хөшигний өмнө гарч ирээгүй бол тэр энэ мэдээллийг ил болгох байсан. АНУ Сноуден болоод цэргийн томоохон тушаалтнуудыг улстөрийн хэргээр шоронд хориод байгаа нь цаанаа учиртай гэх үндэслэл бий. Хэрвээ шүгэл үлээгчдээр туг тахиад эхэлбэл Ассанж цочролд орох нь гарцаагүй. “Надад боломж олдох л юм бол би бүх мэдээллийг ил болгох болно. Энэ бол миний гарцаагүй хийх ёстой зүйл. Харин би шүгэл үлээгчдийг ангалын ирмэгт авчирч байгаагаа мэддэг. Тэд надад итгэж мэдээллээ өгсөн болохоор тэдний хүслийг унтраамааргүй байна” гэж Жулиан Ассанж өнгөрсөн жил ярилцлага өгч байжээ.
Сирийн дайнд анхнаасаа дургүй, дотоод асуудалд нь орохыг хүсээгүй улс бол ОХУ. Тиймээс ч Обама, Путин, өмнөх ерөнхийлөгч Дмитрий Медведев нарийн харьцаа тийм ч таатай байгаагүй. ОХУ-ын оролцоогүйгээр их найман гүрний батлан хамгаалахын сайд нар асуудлыг шийдсэн. Үүнээс болж АНУ-д хийх айлчлалаа түр хугацаанд Путин хойшлуулж байсан билээ. Одоо ч гэсэн тэд энэ байр суурьнаасаа буцаагүй. Сирийн нефтийн экспортыг хориглоогүй. Хятад ч Сирээс байгалийн хийг экспортлох гэж байгааг харуулсан.
Ямар ч байсан цэргийн ажиллагаа эхлэх нь нэгэнт тодорхой болсон. Ассад ч бууж өгөхгүй гэдгээ зарласан. Гэхдээ энэ удаагийн хамгийн эргэлзээтэй мэдэгдлийг Обама, Камерон хоёр хэлсэн. Тэд нарийн тогтоосон бай руу довтолно. Тэр нь юу юм бэ? Мэдээж газрын тос. Үеийн үед томоохон гүрнүүдийн шүлсийг асгаруулдаг гол зүйл нь газрын тос байсаар ирсэн. Байх ч болно. Ийм л байна.
Баримт: 2003 онд Иракад цэргийн ажиллагааг эхлүүлэх хамгийн гол зорилго нь Саддамын пуужинг илрүүлэх байсан. Судалгаагаар пуужин олдоогүй. Харин газрын тосны нөөц бүхий хэсэг газруудад дайралт хийсэн нь Ассанжийн баримтаар ил болсон билээ.