Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойрогт оноолт таарсан АНУ-ын Винус Уильямс БНХАУ-ын Жен Жие нарын тоглолтод 6:3, 2:6, 7:5-ийн харьцаагаар Хятад бүсгүй ялалт байгууллаа. Тус тэмцээнд хоёр удаа /2000, 2001/ түрүүлж байсан нэрт теннисчин Винус Уильямс энэ жилийн сүүлийн “Их дуулга”-ыг ийнхүү хоёрдугаар тойргоос өндөрлүүлж байна. Хэдийгээр Винус ганцаарчилсан төрлийн тэмцээнээ дуусгаж байгаа ч хосын төрөлд дүү Серенагийн хамт тоглож байна. Эгч, дүү Уильямсын эхний өрсөлдөгч Испаний хосууд аж.
АНУ-ын нэрт теннисчинийг буулган авсан Хятадын Жен Жиегийн хувьд ес дэх удаагаа “US OPEN”-нд оролцож байгаагаас өнгөрсөн жил тус тэмцээний гуравдугаар тойрог хүртэл дэвшсэн нь хамгийн өндөр амжилт нь юм. Гэхдээ Жен Жиегийн хувьд 2008 оны “Уимблдон”-ы хагас шигшээд шалгарч байсан. Ганцаарчилсан төрлөөс илүүтэй хосын төрөлд шилдэг тоглолтыг үзүүлдэг Жен Жие Бээжингийн олимпийн их наадмаас хосын төрөлд хүрэл медаль хүртжээ. Мөн 2006 онд Азийн их наадмаас ганцаарчилсан болон хосын төрлөөс алтан медаль хүртэж байсан байна.
Жен Жиегийн гуравдугаар тойргийн өрсөлдөгч тэмцээний 18-т эрэмбэтэй тоглож буй Испанийн Карла Суарес-Наварро юм.
Тэмцээний гуравт эрэмбэтэй Польшийн Агнешка Радваньска, тавд эрэмбэлэгдсэн Хятадын Ли На нарын шилдгүүд гуравдугаар тойрогт шалгараад байна. Харин эхний тойргийг Австралийн Саманта Стосур, ОХУ-ын Надия Петрова нарын шилдгүүд давж чадаагүй.
Эрчүүдийн хувьд ганцаарчилсан төрлийн хоёрдугаар тойргийн тоглолтууд хараахан эхлээгүй байна. Тэмцээний 11-т эрэмбэтэй тоглосон Японы Кей Нишикори хоёрдугаар тойрогт шалгараагүйг эс тооцвол бусад шилдгүүдийн хувьд эхний учраагаа төвөггүйхэн буулгасан.