Гадаад Харилцааны сайд Л.Болд Лондонгийн Хөрөнгийн Бирж группын гадаад харилцааны албаны дарга, Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадейг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 11 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар тогтоолын дагуу дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх зорилгоор 2011 оны 4 дүгээр сард Төрийн өмчийн хороо, Монголын хөрөнгийн бирж “Лондонгийн хөрөнгийн бирж групп”-тэй стратеги хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Тус гэрээний хүрээнд зах зээлийн дүрэм журмуудыг шинэчилэн, олон улсын “Миллениум Ай Ти” технологийг нэвтрүүлэн, төлбөр тооцоог урьдчилсан төлбөрт хэлбэрээс дараа төлбөрт системд шилжүүлж, 120 гаруй боловсон хүчнийг сургаж бэлдсэн зэрэг дорвитой ажлууд хийгдсэн юм. Үүнтэй холбогдуулан дотоодын хөрөнгийн зах зээлийг цаашид хамтран хөгжүүлэх, зах зээлд тулгамдаж буй асуудлаар Лондонгийн хөрөнгийн бирж групп”-ын Глобал хөгжлийн газрын дарга Антонелла Амадейтай харилцан санал солилцсон байна.
А.АМАР