
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас такси үйлчилгээний тариф нэмэгдэх асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд “Манай байгууллага такси үйлчилгээний салбарын өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хэрэглэгчдийг стандартад нийцсэн таксийн үйлчилгээгээр хангуулах талаар Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Нийслэлийн нийтийн тээврийн газрын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулж ярилцсаны үндсэн дээр үнийн нэмэгдлийн асуудлыг хянасан. Иргэдэд ая тухай, найдвартай үйлчилгээ үзүүлж байгаа таксины үнийг эхний нэг километрийг 1500 дараагийн километрээс 1000 төгрөгөөр тооцож авах тухай ярьж байгаа ч энэ шийдвэр нь одоохондоо хүчин төгөлдөр бус байгаа билээ. Тэгээд ч ШӨХТГ нь үнэ тогтоодог байгууллага биш бөгөөд таксины километр тутмын үнийг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд Нийслэлийн нийтийн тээврийн газартай хамтран шийдэж байж гаргах юм” гэжээ.
Д.ЖАРГАЛ