Улсын Драмын эрдмийн театр шинэ улирлын нээлтээ ирэх есдүгээр сарын 4-нд “Норовын намтар” жүжгээр хийх гэж байна. Шинэ улирал, шинэ жүжгийн талаарх мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт УДЭТ-т болох юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд бичсэн “Норовын намтар” хэмээх хошин, бэсрэг найраглал ийнхүү тайзны бүтээл болж, хүүхэд, багачуудтай уулзах гэж байна. Жүжгийн найруулагчаар УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин ажиллаж байгаа бол Архангай аймгийн Хөгжимт драмын театрын хөгжмийн зохиолч А.Төгсбаяр хөгжмийг нь бичжээ. Бэсрэг найраглалыг драмын жүжиг болгохдоо Норовын аав, ээж, найз нөхдийн дүрийг нэмсэн бөгөөд гол дүрд нь залуу жүжигчин Н.Бадарч тоглох аж.
С.ЦЭЛМЭГ