“Discover Mongolia-2013” 11 дэх жилдээ болно

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

“Discover Mongolia-2013” 11 дэх жилдээ болно

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia-2013” олон улсын чуулга уулзалт 11 дэх жилдээ болох гэж байна. Уул уурхайн үндэсний ассоциаци, “Прайм инфо” ХХК хамтран уг чуулга уулзалтыг зохион байгуулсаар ирсэн бөгөөд энэ удаа есдүгээр сарын 5, 6-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.  Энэ удаагийн чуулга уулзалтад одоогоор 10 гаруй гадны орноос төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд хурлын зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар болжээ. Тодруулбал, өнгөрсөн жилүүдэд тодорхой сэдвийн хүрээнд илтгэл танилцуулга хийж, “Засгийн газрын цаг” сэдвээр уул уурхайн салбарт баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо илэрхийлж  байсан бол энэ жил таван сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, санал солилцох юм байна. Тухайлбал, энэ салбар дахь хууль эрх зүйн тогтвортой орчин бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх оновчтой шийдэл, Байгаль орчны асуудал, Хүний нөөцийн эрэлт, нийлүүлэлт, Орон нутгийн засаг, захиргаа, олон нийтийн оролцоо гэсэн сэдвүүдээр ярилцах ажээ. Мөн сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд буй шатдаг занарыг чуулга уулзалтаар онцолж, салбар хуралдаан хийх юм байна. Чуулга уулзалтад Уул уурхайн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яам, Ашигт малтмалын ерөнхий газар болон бусад агентлагууд, Говь-Алтай, Ховд, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, засаг дарга нар оролцох гэнэ. 

Есдүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд болох чуулга уулзалтын үеэр үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд геологи, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг гадна, дотны компаниуд үүнд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, улмаар бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой ажээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж