Колумбын засгийн газар фермерүүдтэй хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Колумбын засгийн газар фермерүүдтэй хэлэлцээ хийнэ

Сүүлийн хоёр долоо хоногийн турш Колумбын фермерүүд эсэргүүцэл өрнүүлж, ажиллах орчин болоод цалин хөлсийг дээшлүүлэх бодлогоо өөрчлөх шаардлага тавьсан билээ. Харин орон нутгийн цагаар өнөө өглөө Колумбын засгийн газар, аж ахуй эрхлэгчидтэй уулзаж, хэлэлцээ хийхээр болжээ. Жагсаалын хамгийн том зорилго нь тээвэрлэлтийн зардал болоод дотоодын үйлдвэрээ дэмжих байсан бөгөөд энэ талаар ямар нэгэн шийдэлд хүрч болох талаар засгийн газраас мэдэгдсэн байна. Колумбын ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос жагсаалыг удирдагч гурван фермертэй уулзсан бөгөөд Колумбын парламентын чуулганд оролцуулж, санал бодлыг нь сонсох талаар тэдэнд ярьсан юм. “Байдлыг хүндрүүлэхгүйгээр анхнаасаа хэлэлцээ хийдэг байсан юм. Одоо ч оройтсон юм байхгүй. Бид улс орны ирээдүйд ашигтай л юм шаардаж жагссан. Үүнийг харин тоолгүй өнгөрөөсөнгүй” гэж Колумбын Фермийн ажилчдын үндэсний холбооны тэргүүн Эберто Диаз ярьжээ. Колумбад болсон энэхүү эсэргүүцлийн жагсаалд нийтдээ 15 мянга гаруй хүн оролцсон бөгөөд 100 гаруй фермер, 160 цагдаагийн ажилтан гэмтэж, эмх замбараагүй байдалд хүрээд байсан юм. Хэлэлцээрийн үр дүн болоод авч хэрэгжүүлэх ажлынхаа тухай Колумбын засгийн газар ирэх долоо хоногт тайлагнахаар болжээ.

Б.СҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж