-Олон улсын уран бүтээлчид хамтарч ажилладаг, бүтээн туурвих “Урбан номадс” төслийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Энэ төслийг Герман, Монголын уран бүтээлчид хамтарч санаачилсан. Яагаад ийм нэр өгсөн юм бэ гэвэл, монголчууд нүүдэлчин ард түмэн, гэсэн ч сүүлийн жилүүдэд Монголд хотжих үйл явц эрчимтэй явагдаж байна. Нөгөө талд суурин иргэншилтэй европчууд өөрсдийгөө нүүдэлчин боллоо гэх болсон. Яагаад гэхээр тэд ажил амьдралын шаардлагаар хотоос хот, улсаас улс дамжин нүүх нь ихэссэн. Энэ хоёр дүр зургийн огтлолцол дээр тун сонирхолтой асуудал гарч ирж буй юм. Эндээс үүдэн төсөлдөө “Урбан номадс” буюу “Хотын нүүдэлчид” гэсэн нэр өгсөн. Санаачилсан хүмүүс нь бол Коринна Бетгэ гэж театрын найруулагч мэргэжилтэй герман, мөн театр судлаач, менежер мэргэжилтэй М.Баярмаа гэж эмэгтэй. Намайг энэ ажилд хамтрахыг урьсан.
-Өнгөрсөн хугацаанд ямар ямар ажил хийсэн бэ?
-Түрүү жилийн есдүгээр сард Швейцарь, Бразил, Германаас есэн профессор багш урьж авчирч СУИС-ийн 40-өөд оюутныг хамруулан сургалт зохион байгуулсан. Үр дүнд нь тайлан тоглолт хийсэн. Дараа нь энэ оны дөрөвдүгээр сард эдгээр 40 оюутнаас 15-ыг нь сонгон шалгаруулж Герман улсын Дортмунд хотын театрын их сургуулийн тайзны урлагийн ангийн оюутнуудтай 14 хоногийн хамтарсан сургалт явуулсан. Улмаар оюутнуудыг Берлин хотын Урлагийн их сургуульд гурав хоногийн сургалтад хамруулж, тайлан тоглолтоо Бранденбургийн хаалган дээр хийж, Монголын соёл урлагийг сурталчилсан.
-Алдарт Бранденбургийн хаалга байх нь…
-Тийм ээ.
-Залууст “1000 сонсохоор нэг үз” гэдэг үг санаанд нь ороод байсан болов уу…
-Магадгүй. Бид одоо Монголдоо таван төсөл хэрэгжүүлэх гэж байна. Герман, Швейцарь, Австри, Дани, Словак, Хонгконгоос нийт 24 зочин ирнэ. Тэдний 14 нь багш нар, профессорууд, харин арав нь оюутнууд. Тэд Монголын чиглэл бүрийн уран бүтээлчид, оюутнууд, хотын иргэдтэй хамтарч төсөл хэрэгжүүлж бодит үр дүнг нь үзэх юм. Урлагаар дамжуулж нийгмийн амьдралд идэвхтэй оролцъё гэсэн санаа бидний дэвшүүлж буй гол агуулга. Урлагаар дамжуулж боловсрол олгох ч зорилготой. Урлаг гэдэг бол биднээс хол, гарт баригддаггүй зүйл биш, амьдрал бол өөрөө урлаг юм гэдгийг үзэгч оролцогчдод мэдрүүлэх учиртай. Үзэгч гэж тусдаа хүмүүс байхгүй, ирсэн бүх үзэгч төслийн оролцогч байхаар онцлог. Жишээ авъя. Хэрэгжүүлэх гэж буй таван төслийн маань нэг нь “Урбан номадс: гэр хороолол/ байгаль орчин” юм. Энэ хүрээнд “Амьдрал ахуй-Ногоон нуур” сэдэвт арга хэмжээ болно. Үүнийг Улаанбаатар хотын дунд байх ашиглагдахаа байсан “Ногоон нуур”-т зохион байгуулна. Нийслэлчүүдийн сэтгэлд нэгэн цагт хүмүүс амарч зугаалдаг байсан газар гэдгээр хоногшсон энэ орчин өдгөө өдөр ирэх тусам тэлэх гэр хороолол, барилгын хог хаягдалд булуулан шавар шалбааг, хогонд дарагдан байна. Тэгэхээр “Ногоон нуур” орчмын өнөөгийн байдал, хотын хөгжлийн тулгамдсан асуудал, шаардлага хоёроос хөгжлийн эсрэг тэсрэг хоёр туйлыг бодитоор харах боломж олдож байгаа юм. Төсөлд оролцогч гадаадын болон Монголын уран бүтээлчид, багш, оюутнууд, хотын оршин суугчид нийлээд энэхүү газрыг хэрхэн өөрчилж зохион байгуулж болох талаар зурж дүрслэн хөгжлийн төсөл боловсруулах юм. Макет гаргах, дүрслэхдээ хаягдал материал ашиглана. Тухайлбал энд тэнд хог болж хэвтэх ундааны хоосон лааз, хуванцар сав байсан ч болно. Хог мэт хөглөрч хэвтэх материалаар оролцогчид дизайны ямар шийдэлтэй, өвөрмөц сонин байшин барилга босгох бол. Энэ төслийг Германы Дортмунд хотын урлагийн дээд сургуулийн профессор Оливэр Лангбай, тайзны зураач доктор Клаудиа Шинк, Кёлн хотоос ирэх философич зураач, Хонгконгоос ирэх мэргэжилтэн Ли Чин Сун, Монголын реп дуучин Куиза, “Урбан номадс”-ын Монгол дахь ажилтан Х.Баттуяа, жүжигчин О.Гэрэлсүх нар СУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, Нийслэлийн соёл урлагийн газрынхан иргэдтай хамтарч хэрэгжүүлнэ. Ингэж хамтарч ажиллаж бүтээх нь олон талын ач холбогдолтой. Олон улсын төлөөлөгчид хамт нэг ажилд ханцуй шамлаад орох нь олон соёлын нэгдэл, нийлж бүтээх чин сэтгэл, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, арга туршлага, мэдлэг чадварын харилцан солилцоо гэсэн олон талын ач холбогдолтой. Ингэж урлагийн үйл ажиллагаагаар дамжуулж нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөх нь илүү хурдтай, хүчтэй, оновчтой. Энэ маягаар үлдсэн дөрвөн төслөө тайлбарлаж болно. “Урбан номадс:Соёлын өв/орчин үе” төслийн хүрээнд дэвшүүлэх асуулт бол ямар нэг газар нутаг нийгмийг даган хувьсан өөрчлөгдөхөд тухайн газар нутагт үүссэн үндэсний хөгжим хэрхэн дагаж өөрлөгддөг вэ. Улаанбаатар хотын өргөжин тэлэх явцын нүргэлсэн их дуу чимээ олон зуун жилийн тэртээгээс уламжлалтай хөөмий, түүнийг илэрхийлэх хэлбэрт хэрхэн нөлөөлж буйг орчин үеийн сэтгэлгээтэй монгол хөгжимчдийн тоглолтоос харах юм. Энэ мэтчилэн сонирхолтой олон үйл явдал болно. Энэхүү таван тусдаа, гэхдээ хоорондоо холбоотой төслийг ирэх сарын 2-ноос аравдугаар сарын 5 хүртэлх хугацаанд нийслэлд хэрэгжүүлэх гэж байна. Гадаадын зочид бүрэн ирэхэд хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд зарлаж, хотын иргэд, оршин суугчдыг төсөлд идэвхтэй оролцохыг уриалах юм. Урлагаар, урлагийн боловсролоор дамжуулж амьдарч буй нийгмээ илүү мэдрэх, урьд өмнө хараагүйгээ олж харах, ухаарах, болохгүйг засч залруулах талд санаа бодлоо уралдуулах, хүүхэд багачууддаа урлагийн олон талын мэдлэг олгох тустай энэ ажилд нийслэлчүүд идэвхтэй оролцож, ес, аравдугаар сарын турш Улаанбаатар “Урбан номадс” төслөөр амьсгалах байх аа.
-Их сонирхолтой санагдлаа. Танд энэ том хэмжээний төсөлд хамтарч ажиллахыг санал болгоход нэг их удаан бодолгүй хүлээж авсан уу?
-Тэгсэн. Би СУИС-д 1998-2000 онд жүжигчний ангид сурч байгаад Германд сурахаар явсан юм. Тэнд оюутан байх бүхий л хугацаандаа олон орны оюутнууд, эрдэмтэн профессоруудын өмнө ганцаараа Монгол Улсаа төлөөлдөг байсан болохоор их хичээдэг байсан. Хичээл, арга хэмжээ, лекц, семинар бүрт сайн байхыг бодно. Намайг нэрээр минь дуудах хүн ховор, өнөө монгол охин л гэдэг байсан болохоор би Монголынхоо нэрийг сайнаар гаргахын төлөө чармайдаг байсан. Хөгжлийнх нь төлөө ямар нэг сайн үйлс бүтээхсэн, цаашилбал бүхий л мэдэж сурснаа Монголдоо зориулахсан гэж боддог болсон. Тийм болохоор энэ төслийн ерөнхий санаа, түүнээс гарах үр дүн сайхан санагдаад хамтарч ажиллахаар болсон. Залуу хүний хувьд бас нэг зүйлд их баяртай байгаа. СУИС-ийн оюутнуудаа төсөлд хамруулж, мэдэхсэн гэснийг нь мэдүүлж, харахсан гэснийг нь харуулах үүд хаалга нээгдэж байна. Намайг сурч байх үед ийм боломж байдаггүй байлаа. Энэ сургуулиас соёл урлагийн сайн мэргэжилтнүүд олноор төрөн гарах тусам тэд урлагийг нийгэм хүү чиглүүлсэн олон ажил хийж, улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах болно. Оюутнууд мэргэжилдээ дурлаж сурах ёстой. Тэгэх юм бол аяндаа хэнээр ч шаардуулахгүй уншихаа уншиж, судлахаа судалж, гадаад хэл ч эзэмшиж хөгжинө.
-Театр, кино судлаач хүний хувьд Монголд эдгээр салбарын хөгжил ямар түвшинд явж байгааг анзаарч байгаа биз ээ. Манайд театр судлаач алга. Драмын, Дуурийн гээд хоёрхон театр байгаа нь хангалтгүй санагддаг. Кино судлаач, шүүмжлэгч алга. Театр нэгэн хэвийн уйтгартай байдлаас ангижирч чадахгүй, кино урлаг ёстой нэг задгай, санаан зоргын хэрэг болсон. Эсвэл ингэж задгай орхиж, зах зээлд захируулах ёстой юм уу?
-Аль алины нь тухайд төрийн бодлого хэрэгтэй. Кино урлагийг монголчууд 23 жил задгай тавилаа. Тэгээд юу болов. Хөгжил харагдахгүй байна. Театрын хувьд монголчууд театр гэдэг нь тайзан дээр л тоглодог урлаг гэдэг ойлголтоос ангижрах цаг болжээ. Хөгжингүй оронд театр маш олон төрлөөр хөгжиж байна. Энэ талд Монгол хоцорч байна. Зарим хүн Монголын хошин урлагийг шүүмжлэх янзтай байдаг. Тэд үзэгчтэй байна гэдэг оршин тогтнож буйн шинж. Гагцхүү боловсронгуй болгох хэрэгтэй.
-Театр, кино судлалаар Германд сурч мастер хамгаална гэдэг амар хэрэг биш. Ийм чухал мэргэжилтэн Монголдоо ажиллаж, сурч мэдсэнээ Монголынхоо театр, киноны хөгжилд зориулбал ямар вэ. Тийм бодол бий юу?
-Ажлын санал ирж байсан. Өнгөрсөн хавар болсон Монголын киночдын форумд оролцож, үе үеийн киноны уран бүтээлчдийн санаа бодлыг сонсч, тулгамдсан асуудалтай танилцсан. Санаж бодож яваа зүйл бий. Энэ “Урбан номадс” төслийг хэрэгжүүлэх үйлсэд гар бие оролцож яваа минь ч Монгол руугаа хандаж ажиллаж буй нэг хэлбэр.
-Манайхны дунд урлагийг амьдралаас тасархай зүйл, урлагтай урлаггүй болно гэсэн ойлголт байдаг. Ийм хүмүүст юу гэж хэлэх вэ?
-Амьдрал бол өөрөө урлаг. Урлагтай амьдрал, урлаггүй утга муутай амьдрал хоёр бол өөр.
Олон улсын театрын институтын ХБНГУ дахь төвийн харьяа “Урбан номадс” нийгэмлэгийн “Урбан номадс” төслийн зохицуулагч Б.Гэрэлтуяатай ярилцахад тун сонирхолтой байлаа. Ирэх ес, аравдугаар сард хэрэгжүүлж нийслэлийг урлагаар амьсгалуулах “Урбан номадс” төсөлд нь амжилт хүсье. Дашрамд сонирхуулахад уг төслийн баг хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажлыг ДБЭТ-ын захирал асан Б.Сэргэлэнгийн удирдаж буй “Тод артс” агентлагт итгэж хариуцуулжээ.
“ӨДРИЙН ШУУДАН” сонин