Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

“Taste of UB-2013” болно

“Taste” гэхээр магадгүй та юуны? гэсэн асуултыг тавьж магадгүй. Хариулт нь их амттай. Энэ бол Улаанбаатарт байгаа үй түмэн зоогийн газруудын хамгийн шилдгийн шилдгүүдийг хоолыг амтлах боломж юм. Өөрөөр хэлбэл, шуугиант Венеци, их хөлийн Нью-Йоркт зохиогддог шиг хоолны өдөрлөг Монголд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК, Үндэсний соёл амралтын хүрээлэн хамтран “Taste of UB-2013”-г Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт зохион байгуулах гэж байна. Монгол төдийгүй, бусад үндэстний төрөл бүрийн хоол, зууш, зоог, нарийн боов тэргүүтнийг ресторан, бүрийн чадварлаг тогооч нар бэлтгэн амтлуулна. Гэхдээ маш олон төрлийн хоол байх учраас багасгасан хэмжээгээр бэлтгэх бөгөөд 1500 төгрөгөөс ихгүй үнэтэй байх юм. Мэдээж хэрэг газар, газрын тогооч нарын хийсэн олон төрлийн хоолыг нэг доор нь амтална гэдэг сонирхолтой л байлгүй яах вэ? Тиймээс та энэ долоо хоногийн бямба, ням гаригт Үндэсний соёл амралтын хүрээлэнг зорих ахул, үнэхээр сонирхолтой амтлагаа хийж болох юм. Тэгэхээр зохион байгуулагч Үндэсний соёл амралтын хүрээлэн болон Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Бэнкэл” ХХК-ийн хамт олонд амжилт хүсье. Тэд энэхүү сонирхолтой шоугаа уламжлал болгон зохион байгуулах юм.

Басхүү энэ нь яг л “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” хэмээн алдаршсан дэлхийн хэмжээний ивент шиг Улаанбаатар хотыг тодотгож, зөвхөн монголчууд гэлтгүй гадаадынхныг ч татдаг бас сонирхолтой ажил болж болох юм даа.

“Taste of UB-2013” өдөрлөгт нийслэл хотод Монгол хоол болон олон үндэстний хоолоор үйлчилдэг шилдэг ресторанууд, бэйкэри болон төрөл бүрийн хүнс, нийтийн хоолны үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд оролцох боломжтой бөгөөд оролцох хүсэлтэй байгууллагуудыг Нийслэлийн аялал, жуулчлалын газарт энэ сарын 30 хүртэл бүртгэх юм байна.

 А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж