Башар Ассад зодуулах нь

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Башар Ассад зодуулах нь

-Барууны орнууд Сирид “ухамсрын” цохилт хийхээр бэлтгэлээ базааж байна-

Америкийн “Гарри Трумен”  онгоц тээгч хөлөг онгоц Атлантын далайд.  
Фото: Reuters

Барууны орнууд Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс шууд оролцохоор нууж хаах зүйлгүйгээр бэлтгэлээ хийж байна. Дамаскийн дагуул хотод хэдэн зуун хүний аминд хүрсэн химийн хорт хийн довтолгоо хийсэн нь Башар Ассадад сургамж өгөх бөмбөгдөлтийн гол шалтгаан болж буй. Гэхдээ ийм маягийн “хутгалдаан”-ы үр дагаврыг тооцоолоход бэрх.

Дамаскийн зүүн хэсгийн гурван дагуул хотод хорт хий цацсаны хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг тогтоох  оролдлого бүтэхгүй бололтой. Энэ сарын 26-нд ажилд орсон НҮБ-ын химийн зэвсгийн комисс ч дүгнэлт гаргах мандатгүй. Шинжээчид зөвхөн л химийн зэвсэг хэргэлэсэн үү, үгүй юу гэдгийг хэлэх юм.

Яг үнэндээ, одоо тэр нь чухал биш. Сөргөлдөгч талууд хэн буруутай гэдгээ аль эртнээс тогтоосон бөгөөд хэн нь ч өөрсдийн санаанаасаа татгалзах гээгүй байна. Босогчдын үзэл санааг Их Британи, Франц, АНУ хүлээн авсан. Тэд үй олноор хордуулсан хэргийн буруутан нь  Башарын дэглэм гэж үзсэн. Иран, Орос, Хятад болохоор Сирийн дэглэмийн хамт  хэрэв химийн хорт бодис хэрэглэсэн бол түүнийг босогчид өдөөн хатгах зорилгоор хийсэн гэж үзэж байгаа. 

Үр дүнд нь олон улсын комиссийн дүгнэлт, тайланг хүлээлгүйгээр Барууныхан нууж хаасан зүйлгүй Сирийн эсрэг байлдааны ажиллагаа явуулахаар эрчимтэй бэлтгэж байна. Тэдний шалтаг нь ойлгомжтой. Нэгдүгээрт, хэрэв асар их хохирогчтой химийн довтолгоон шийтгэлгүй өнгөрөвөл, байлдааны хорт зэвсгийг хэрэглэхээс татгалзах шалтгаан сиричүүдэд  хэрэггүй болно. Барууныхан чимээгүй өнгөрлөө гэдэг нь тийм үйл ажиллагааг далдуур дэмжсэн болж таарна. Тэр нь эргээд ирээдүйн дайны  байлдагч талуудад бие биенээ хөнөөх зэвсгийг сонгохдоо хязгаарлалтгүй болгох аюултай үр дагавар  авчирна.

Хоёрдугаарт,  Сирийн хоёр жилийн дайн Барууны орнууд, нэн түрүүнд АНУ нь Ойрхи Дорнодын үйл явдалд нөлөөгүй болж буйг харууллаа. Европ, америкчууд Сирийн хэрэг явдалд шууд оролцолгүй, хайнгадуу гэмээр хандаж ирсэн билээ. Гэтэл тэнд идэвхтэй тоглогч нь иранчууд ба “Хезболлах”, нөгөө талаас туркууд, катарчууд, саудитууд  болсон байв. Ерөнхийлөгч Обама “улаан шугам” (химийн зэвсэг хэрэглэх тухайд) ярьсаар  өөрийгөө буланд шахсан байв. Хэрэв хэдэн зуун хүн хордсоны дараа хөдлөхгүй бол Цагаан ордны эзнийг  үл тоож болох үзэгдэл гарч ирнэ. Тэр нь цаагуураа Ираны аятолла нар цөмийн зэвсгээ (бас нэг улаан шугам) шийтгэлгүй бүтээж болно гэсэн дохио авах болно. Ингээд л Цагаан орны өмнөх талбайд бас нэг ууртай үг хэлэхээс өөр арга Обамад гарч ирэхгүй.

Кипр дэх Британийн нисэх бааз. Фото: Petros Karadjias / AP

Гуравдугаарт,  АНУ-ын удирдлагад цэргийн ажиллагаа явуулах дотоод бодлогын онцгой шалтгаан байна.  Бүгд найрамдахчууд Обамад бүх талын довтолгоон хийж, Үндэсний аюулгүйн байдлын агентлаг  америкчуудын хувийн амьдралд оролцлоо,  консерватив клубуудад татварын шалгалт хийлээ гэх мэтээр шүүмжлэн Бенгазид дипломатууд амь үрэгдсэн хэрэгт Хиллари Клинтон нарыг шийтгэхийг шаардаж байна.  “Цуст дэглэмийн эсрэг” маш богино хугацааны цэргийн ажиллагааны амжилт нь эдгээр бүх асуудлаас олон нийтийн анхаарлыг холдуулж, шүүмжлэгч нарын амыг таглах боломжийг ерөнхийлөгчид авчрах сайн талтай. Үнэн хэрэгтээ энд “жижигхэн ялгуусан дайны” сонгодог хувилбар яригдаж байна.

Дөрөвдүгээрт, тийм дайн нь ерөнхийлөгчийн цэрэг, улс төрийн авъасыг олонд харуулах юм. Ирак, Афганы хэтэрхий сунжирсан алдартай биш болоод байгаа бүгд найрамдахчуудын эхлүүлсэн үнэтэй, хохиролтой дайны дараа Обамад өөрийн хувилбарыг харуулах боломжийг  энэ довтолгоон авчрах ёстой. Хормын, хязгаарлагдмал хохиролгүй  ажиллагаа нь ерөнхийлөгчийн нэр хүндийг өргөх нь ойлгомжтой.   Түүний амжилтад өчүүхэн зүйл шаардаж байгаа. Байнуудын жагсаалтыг гарган америк хүний хохиролгүйгээр тэднийг алсаас пуужиндан сөнөөгөөд хурдан ухарч амжилтаа зарлах шаардлага л байгаа.

Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт дөрвөн эсминец хөлөг, хэд хэдэн шумбагч онгоцнууд жижүүрлэж байгаа. Тэд далавчид пуужингаар зэвсэглэгдсэн. Нисэх онгоц тээгч цохилтын хоёр бүлэг Арабын тэнгист байрлаж байна. Британичууд ч хөдөлж эхлэв. Кипр дэх тэдний Акрополи нисэхийн баазад цэргийн тээврийн болон сөнөөгч онгоцнуудыг хүлээн авч байна. Хаатны Тэнгисийн цэргийн флот ч Ассадыг шийтгэхэд оролцох бэлэн байдлаа зарлав. Сөргөлдөөний эхнээс дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдэмгий ажиллагааг шаардаж байсан Турк нисэх онгоцнууд, их буугаа өөрийн өмнөд хил рүү татаад байна.

Ажиглагчдын ихэнх нь Сирийн Засгийн газрын эсрэг ажиллагаа эргэлт буцалтгүй болсон гэж үзэж байна. Гэхдээ Ассадад цэргийн хүчийг харуулах  үйлдэл нь янз бүрийн шалтгааны улмаас ихээхэн хязгаарлагдмал бөгөөд  тэр нь ямар амжилт авчрах нь тодорхойгүй. Арай эхлээгүй байгаа ажиллагаанд албан бус хоёр бай бий. Нэгдүгээрт, сургамж өгөх. Ассад ба түүнийг залгамжлагч болох магадлалтай хүмүүст “улаан шугам” гэсэн яриа хоосон үг биш гэдгийг харуулах. Тэр шугам байгаа, түүнийг алхаж болохгүйг үзүүлэх ёстой. Хоёрдугаарт, америкчууд ч британичууд ч хордууагч бодис хэрэглэх боломжийг бүрэн устгаж чадахгүй юм аа гэхэд  тэр ажиллагааг нь аль болохоор хүндрүүлэх зорилготой байгаа. Үүний тулд  цэргийн нисэх буудлууд, аэропорт, мөн химийн зэвсэгтэй анги нэгтгэлийн штабуудыг сөнөөн устгах зорилготой.

«Хезболлах»  хөдөлгөөний дайчин. Фото: Hussein Malla / AP

Эхний зорилт нь ойлгомжтой бол хоёр дахь нь эргэлзээ төрүүлэхээр. Химийн зэвсгийн удирдлагын системийг устгах нь уг зэвсгийг хяналтгүй болгон  исламистуудын идэш болгох аюул байна. Химийн зэвсгийн агуулахуудыг устгах нь хорт хийн  хяналтгүй тархалтыг гаргах аюултай.  Мөн устгагдсан агуулахуудын бууринд бүтэн үлдсэн сум хэрэгсэл  хүсээгүй хүний гарт олох аюул бас байгаа. Химийн агуулахуудыг барууны цэргийн тусгай ангийнхан эзлэн зэвсгийн зөөх болож бий. Гэтэл тэр нь амьд хүчний хохирлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй.

Энэ бүгдээр хязгаарлагдмал цохилтын үр дагавар дуусахгүй. Энд Дамаскийн  талаас эсрэг үйлдэл ямар байх нь хамгийн чухал нөхцөл юм. Сирийн Гадаад хэргийн сайд Валид Муаллем түрэмгийлэлд хариу өгнө гэдгээ чангаар зарласан байгаа. Чухал юуг хэлээд байгаагаа тодруулаагүй. Сирийн армид бас бус зэр зэвсэг бий. Агаар хамгаалах систем супер орчин үеийн сөнөөгч онгоцнуудын эсрэг зогсож чадахгүй ч гэсэн “Томагавк” далавчит пуужингуудыг угтан сөнөөх боломжтой. Үүнд нь  заавал С-300 цогцолбор хэрэгүй. Дамаскт хангалтайгаар нөөцлөгдсөн “Бук” гэх зөөврийн цогцолборыг зөв байрлуулж чадвал далавчит пуужингуудыг угтан сөнөөж болох юм.

Хэрэв далавчит пуужингийн довтолгоон амжилтгүй болбол нисэх онгоцнуудыг хэрэглэх нь  цорын ганц арга болох бөгөөд  харин хэд хэдэн онгоцоо алдах эрсдэл бас байгаа. Оросын С-300 пуужингийн цогцолборын асуудал тодорхойгүй байгаа  хэрэв түүнийг Ассад аваад нөөцөлсөн бол НАТО-гийн онгоцнуудад ноцтой асуудал гарч ирнэ.

Усан онгоцны эсрэг “Бастион” гэх  систем Сирид байгаа ба тэднийг ашиглаж болох юм. Москва орчмын Реутов хотхон угсрагдсан “Яхонт” пуужинг  олж илрүүлэхэд төвөгтэй. Тэр пуужин нь дөнгөж арван метрийн өндөрт дууны хурднаас хоёр дахин хурдан нисэх чадвартай бөгөөд 250 кг дээд чанарын тэсрэх бодисийг зөөнө. Эсминец онгоцыг нэг тийм пуужин оносон нөхцөлд  хөлөг онгоц живэх нь гарцаагүй.

Сирийн сөрөг хүчнийхэн Ассадын эсрэг  маш богино хугацааны ажиллагаа явуулах нь өнөөдрөөс илүү их цус урсгасан  үйлдлийг өдөөнө хэмээн Барууныханд сануулжээ. Хариу ажиллагаанд нь фосфорын, вакумын бөмбөгнүүд, напалм, кассетийн  галт хэрэгслүүд нөгөө химийн зэвсэг ашиглагдана хэмээн босогчид болгоомжилж байна.

Химийн довтолгооны хохирогчид.
Фото: Mohamed Abdullah / Reuters

Сөргөлдөөний эхнээс химийн зэвсгийг харийн түрэмгийлэгчдийн эсрэг хэрэглэнэ хэмээн эрх баригчид нь мэдээлж байсан юм. АНУ, Европ үйл ажиллагаагаа “хязгаарлагдмал ажиллагаа гэж нэрлэж байгаа ч Дамаск бол тэгж үзэхгүй нь ойлгомжтой. Гадны ямар нэгэн түрэмгийлэлд өртсөн орны  ард олон лидрээ хүрээлэн  нэгддэг. Сирийн хувьд ч тийм зүйл байхыг үгүйсгэх аргагүй.

Бас нэг ноцтой шалтгаан нь Ассад ба түүний тойрон хүрээлэгч тэдэнд алдах зүйлгүйгээ ойлгоод сүүлийн боломжийг ашиглан Израильд химийн довтолгоо хийж болох магадлал болж байна. Тийм алхам нь дайны дотоодын суннит ба шиитийн  гэсэн агуулгыг араб-израилийн дайн болгох аюулыг агуулж байна. Ийм нөхцөлд Ассадаас илүүтэйгээр Израилийг үзэн ядагч  исламистууд хэрхэх нь тодорхойгүй.  Ямар ч гэсэн Израилийн хамсаатан болохгүй биз.  Үүнийг Израильд л сайн ойлгож байгаа. Ерөнхий сайд Биньямин Нетаниягу  энэ сарын 27-нд мэдэгдэхдээ, улс оронд нь довтлох оролдлого “хатуу хариулттай” тулгарна гэж  сануулсан юм. Израильд одоо хорт удааны багийн эрэлт эрс өсөөд байгаа.

Байдлын бас нэг сонин үзэгдэл нь Барууны орнууд Сирийн дэглэмийн эсрэг тулааныг эхлээд түүнийг ялах эрмэлзэлгүйд байгаа. Ассадыг хурдан унагахад засагт  “Аль-Каида” суух хамгийн муу хувилбар бий. Тэр нь Сирийг дэлхийн террористуудын диваажин болгон хөрш Ливан, Ирак, Иорданы байдлыг бусинуулах аюулыг авчирна.  Гэсэн ч Сирийн иргэний дайн газар авснаас  дэглэмийг “чимхэх” төдий бөмбөгдөх нь бүтэлгүй хэрэг. Хамгийн ашигтай хувилбар бол  бүрэн хэмжээний ажиллагаа явуулан Дамаскт иргэний  дэглэм суулгах. Тэр дэглэм нь баруун болон Израильд харьцангуй хэмжээний дайсагнасан байх ёстой. Эс тэгвээс дайнаар хувьсан өөрчлөгдөж байгаа суннитууд ч, алавитчууд ч, исламын дайчид ч үүнийг ойлгохгүй.

Нийгэм нь хөдөлгөөнд орсон 2011 оны хавар Сирийн ерөнхийлөгч Ассадын өмнө  сонголт байсан юм. Бүрэн хэмжээний шинэчлэл явуулах эсвэл бослогыг хүчээр дарах. Гэтэл “Баас” намынхаа ахмад үеийнхэн ба өөрийн ах Махер Ассадыг сонсоод Башар хоёр дахь хувилбарыг нь сонгосон байлаа.  Хэрэв тэр үед Барууныхан Ливийн  үйлдлийг хийнэ гэж Ассадын сайтар айлгаж чадсан бол  химийн довтолгоон, 100 мянган хүний үхэл байхгүй л  байсан  байх.  Одоо “сахилгагүй хүү Ассад” алганы амт үзэх нь гарцаагүй боллоо.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж