Гэнэт баяжсан тухай мэдээнээс болгоомжил

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Гэнэт баяжсан тухай мэдээнээс болгоомжил


Европийн Холбоо, АНУ, Канад, Австрали, Ойрхи дорнодын орнуудын ард иргэд гэнэт баяжсан тухай мэдээг цахим шуудан эсвэл захиагаар хүлээн аваад баяжих бус харин ч залилан хийдэг гэмт хэрэгтнүүдийн шидсэн өгөөшт орж, хохирох тохиолдол гарсаар байна. Залилан хийгч этгээдүүд хүмүүст “нигерчүүдийн захидал” хэмээн нэрлэгдэх болсон захиа бичиж, олон сая долларын өв хөрөнгө өвлөн авсан тухай эсвэл сугалаагаар асар их мөнгө хожсон тухай мэдээлдэг ажээ.
2003 оноос хойш зөвхөн Испани улсын хувьд гэхэд л 20000 орчим иргэн ийм захиа хүлээн авч залилуулсан тухайгаа цагдаагийн газарт мэдээлсэн байна. Энэ хугацаанд  тус орны Үндэсний Цагдаагийн газар иймэрхүү залилан хийсэн 600 хүнийг баривчиж, 1200 хэргийн учир шалтгааныг тодруулж, дэлхийн таван тивийн иргэдээс залилангаар авсан  2,8 сая еврог эргүүлэн авч чадсан байна.
Эдгээр захиаг нигери улсын гаралтай иргэд жирийн хувилагч машин, шуудангийн марк зэрэг зүйл ашиглан хямд төсөр байдлаар үйлддэг байна. Ийм учраас “нигерчүүдийн захидал” хэмээх нэр авсан ажээ. Тэд эхэн үедээ өдөрт 20 000-30 000 захиа бичиж явуулдаг байсан байна. Цагдаагийн газрууд тууштай арга хэмжээ авч байгаагийн хүчинд тэд нарын санхүүжилтийн эх сурвалж хумигдаж, одоо өдөрт 9000 захиа илгээх төдий болжээ.
Залилан мэхлэгчид Африкийн нэгэн орны саятан, эсвэл машины ослоор нас барсан нэгэн өндөр албан тушаалтны  өмгөөлөгч, төлөөлөгч, гэр бүлийн гишүүн эсвэл эмч мэтээр захиа бичиж, асар их хэмжээний мөнгө өвлөх гэж буйг хохирогч хэн нэгэнд мэдээлдэг байна. Захиа хүлээн авсан хүнтэй хэсэг хугацаанд харилцаж түүний итгэлийг олж авах алхмаа хийдэг ажээ. Тэгээд их хэмжээний мөнгө шилжүүлэх гэж байгаа тул үйлчилгээний зардал, татвар түрээст төлөх мөнгө гэх мэтээр дахин дахин мөнгө нэхэж эхэлдэг байна. Ийм байдлаар дээд хэмжээ нь 400 000 евро, дундаж хэмжээ нь 9500 евро залилан авсан тохиолдлууд гарчээ. Сугалааны билет, өвлүүлэх гэрээслэлийн гэрчилгээ зэргийг бодит юм шиг хуурамчаар үйлддэг байна.
Сүүлийн үед залилан мэхлэгчид дэлхий дахинд болж буй хямралыг овжингоор ашиглаж, Испани улсад өндөр цалинтай ажилд зуучилж өгнө, мөн европийн бусад орнууд руу дамжин гарахад туслана гэх мэтээр залилах болжээ. Тэд ажилд оруулах урьдчилгаа мөнгө болон байнга оршин суух зөвшөөрөл, ноториат, хөдөлмөр эрхлэх эрхийн бичиг гаргуулах зэрэгт шаардагдах мөнгө нэхэж аваад “алга болоод” өгдөг ажээ.
Эх сурвалж: La Razon.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж