Мазаалайг аварч чадаж байна уу

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Мазаалайг аварч чадаж байна уу

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдоор ахлуулсан Мазаалай баавгай хамгаалах ажлын талаархи хэвлэлийн бага хурал өнөөдөр БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд мазаалай баавгайг устах аюулаас аврах боломжийг тодорхойлж дунд хугацааны зорилтуудыг дэвшүүлсэн юм. Өнөөдрийн хурлаар мазаалай баавгайг устах аюулаас аврах Ажлын хэсгээс мазаалайг хамгаалах 2013 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг дүгнэх, цаашид юу хийх шаардлагатай байгааг хэлэлцэн тодорхойлсон талаар танилцууллаа. Ажлын хэсгийнхний дэвшүүлсэн дунд хугацааны зорилтыг дөрвөн жилийн хугацаанд хангаснаар дараах  үр дүнд хүрнэ гэж тооцоолж байна. Үүнд,

  1. Мазаалай баавгайн амьдрах орчинг сэргээн тэтгэх, шинжлэх ухааны аргачлалыг боловсруулан мазаалай баавгайг хамгаалах урт хугацааны хөтөлбөрт тусган хэрэгжүүлж эхэлсэн байна.
  2. Мазаалай баавгайн нэмэлт тэжээлийг орон нутагт тариалан боловсруулж тэжээлийн хэмжээг 3-5 дахин нэмэгдүүлсэн байна. 
  3. Мазаалай баавгайн ангилал зүйн маргаантай асуудал шийдвэрлэгдсэн байна.
  4. Мазаалай баавгайн тоо толгойг зурган индексийн аргаар тодорхойлж тоо толгойн хэлбэлзлийг байнга хянаж байна.
  5. Нийслэлийн иргэдийн 40%, орон нутгийн иргэдийн 80% мазаалай баавгайн талаар өргөн мэдлэгтэй болж, хамгаалалд идэвхитэй оролцдог болно. 
  6. Орон нутагт мазаалай баавгайн хамгааллыг зохион байгуулдаг Говийн Их ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны хүний нөөц, менежментийг сайжруулсан байна.

Албаны хүмүүсийн өгсөн мэдээллээр мазаалай баавгайг хамгаалахаар дэвшүүлсэн зургаан зорилтын хүрээнд 2013 онд 668,140,000 төгрөгийн төсөв бүхий 42 арга хэмжээг төлөвлөн ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар 29 үйл ажиллагаа буюу 69% нь бүрэн хэрэгжиж байгаа бол таван үйл ажиллагаа буюу 12% нь III-IV улиралд эхлэх юм байна.

2013 оны амжилтуудаас

БОНХЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байна.
 
Говийн Их дархан цаазат газарт мазаалай баавгайд зориулж гадаргын усны хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 2 булаг шандыг сэргээн тохижуулж, хөв байгуулав. Нар, салхины эрчим хүчээр ажилладаг хагас автомат ажиллагаатай 2 гүний худаг гаргах ажлыг гүйцэтгэж байна. Ингэснээр 2013 онд мазаалай баавгайд зориулж  4 уст цэгийг шинээр нэмэгдүүлж байна.  

ТББ, иргэд, ААН-ын оролцоотой 2013 онд мазаалайг ичээнээс гарахад 5 тн нэмэлт тэжээлийг 28 цэгт тараан байршуулав. Намар буюу ичээнд орохоос өмнө 5 тн-ыг нэмж тавихаар бэлтгэлээ. Энэ онд 13 тэжээлийн цэг шинээр байгуулж, нийт 28 цэгт нэмэлт тэжээлийг тавьж байна.

Мазаалай баавгайн генетикийн судалгааны ажлыг сайжруулсны үр дүнд ангилал зүйн маргаантай асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд ойрхон болов. Өөрөөр хэлбэл дэлхий дээр бүртгэгдсэн хүрэн баавгайн 12 салбар зүйлээс мазаалай баавгай нь бие даасан зүйл үү гэдгийг нягтлах ажлын хүрээнд Монгол орны Алтай, Хангай, Хэнтийн нуруунд тарахсан хүрэн баавгайн зүйлээс генетикийн хувьд ялгаатай нь батлагдлаа. Одоо Гималай, Тэнгэр ууланд тархсан хүрэн баавгайн зүйлээс ялгаатай эсэхийг тодорхойлох ажлыг АНУ-ын Айдехогийн Их сургуульд манай судлаач олон улсын судлаачтай хамтран генетикийн дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна. Энэ шинжилгээний үр дүнд мазаалай баавгайн генетикийн маргаантай асуудал бүрэн шийдэгдэнэ. Генетикийн судалгааны ажлын эцсийн үр дүн нь олон улсын байгууллагаас мазаалай баавгайг хамгаалахад хөрөнгө оруулах үүдийг нээх юм.  

Мазаалай баавгайн тархац нутагт гэрэл зургийн автомат аппарат суурилуулан тоо толгойн мэдээллийг цуглуулж байна. Одоогоор бидний мэдэж байгаагаар 2 мазаалай ихэр бамбарууш гаргаж мазаалай баавгайн бүлд 2013 онд 4 бамбарууш нэмэгдлээ.

Олон нийт, нийгмийн мэдээллийн хэрэгслээр мазаалай баавгайн талаарх мэдээллийг эрчимжүүлж, талуудын оролцоог хангасан шат дараалсан уулзалт, зөвлөгөөн, сурталчилгааны ажлын үр дүнд иргэдийн дунд мазаалай баавгайн талаархи мэдлэг нэмэгдэж байна. Сурталчилгааны ажлын үр дүнд мазаалай баавгай хамгаалах ажилд иргэд нийгмийн сүлжээгээр нэгдэн 2 томоохон групп, 5 ТББ, 2 телевиз, 10 гаруй сэтгүүлч, 3 ААН, 8000 орчим иргэд мазаалай баавгайн хамгаалалд идэвхитэй оролцож эхлэв. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байна. Их говийн эзэн мазаалай танин мэдэхүйн ном, Танайд мазаалай зочилж байна мэдээллийн нүүдлийн хайрцаг, Мазаалай баавгайн шторк зэрэг сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж