Бороо орохоор нэг сайхан байшин барихыг хүсдэг, нар гарахаар мартчихдаг болжморын тухай үлгэр шиг зуны зунд борооны ус зайлуулагчийн асуудал хөндөгддөг. Харамсалтай нь, хойтон жил нь бахь байдгаараа явгачуул нь уртын харайлт хийцгээж, машинтай нь үерийн усанд жолооны шалгалт өгдөг. Ус зайлуулах системгүйгээс болоод тэнгэр жаахан нойтогнохоор л нийслэлийн бүх зам түгжирч, бөглөрдөг болсон.
Жилийн жилд нь хэдэн зуун тэрбумаар нь нийслэлийн замыг янзалдаг. Хуучныг өргөтөж, сайжруулж, нөхөж цойлдож, бүр болохгүйг нь шинэчилдэг ч нэг л зүйлийг орхигдуулж ирсэн нь бороо, цасны усыг зайлуулах систем. Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах үүднээс Монгол Улсын Засгийн газар “Гудамж” төслийг хэрэгжүүлэх болсон. Энэхүү төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа бөгөөд 200 тэрбум төгрөгийг зарцуулж байгаа юм. Төслийн хүрээнд 33 уулзварыг өргөтгөн, шинэчилж дөрвөн замын уулзвар болгож байгаа. Ингэснээр нийслэлийн замын ачаалал 20-30 хувиар буурч, гэр хорооллын шороон замуудыг асфальтаж, зарим нэг уулзвар, гудамж талбайг шинээр төрсөн юм шиг цэмцийлгэсэн ч бороо оронгуут шавар шавхайндаа автаж байгаагаас харахад монголчууд бид зам тавина гэж ёстой л нүглийн нүдийг гурилдаад өнгөрдөг хүмүүс бололтой юм. Өчигдрийн бороонд усанд автаагүй гудамж талбай байгаагүйгээс харахад нэг, хоёр долоо хоногийн туршид үргэлжилсэн бороо орвол хот тэр чигээрээ усанд автах байлгүй. Бороотой өдөр хүн явахад хэцүүхэн болсон замуудаа засахаас илүү эхлээд ус зайлуулагч хоолойг тавьчихвал эдийн засгийн хувьд, иргэдийн хувьд ч ашигтай. Борооны ус зайлуулагчгүйгээс болоод замын энхэл, донхолд машинаа эвдэж байгаа хүмүүс ч цөөнгүй байх шүү. Заргалдахаа мэдэхгүй л байгаа болохоос биш.
Зам тавьсан ч, тавиулсан ч, ашиглалтад авсан ч аль, аль нь яагаад замын ус зайлуулагч байх ёстой гэдэг захын нэг ойлголт байдаггүй юм бэ. Улаанбаатар хотын хэмжээнд авто замын гадаргуугийн ус зайлуулах 63.8 далд инженерийн шугам байдаг юм байна. Одоогоос 30 жилийн өмнө буюу ЗХУ-ын “СОТ-2”-ийн барьсан насос станц нь нийслэлийн зарим замын усыг шахаж гаргах үүрэгтэй ч хуучирч, муудсанаас болоод заримдаа ачааллаа ч дийлэхгүйд хүрдэг гэсэн. Хотын 47 гудамжинд байрлах энэхүү шугамын ачаалалыг бууруулах, шинээр насос ганцыг ч болтугай аваад тавих хэрэгтэй байгааг мэргэжлийнхэн ярьдаг.
Мөнгө нь багадаад байдаг юм уу, эсвэл мөнгөө хэмнээд байна уу, ямар ч байсан шинээр тавигдсан зарим замд борооны ус зайлуулагч байхгүй л харагдана лээ. Ус зайлуулагчгүй зам нь яаж урт настай байх билээ. Борооны усандаа дэвтэж норсоор байгаад нэг, хоёрхон жилийн дотор тавьсан замууд нь захаасаа эвдрээд эхэлсэн. Анхнаасаа төлөвлөж, цогцоор нь асуудлыг шийдэхгүйгээр зам тавиад, бусад нөхөөд байвал нэг насос худалдаж авснаас ч илүү зардал гарна гэдгийг холбогдох албаныхан мэдэхгүй байна гэдэг харамсалтай. Эвдэрсэн замаа засахын тулд дахиад л төсвөөс их хэмжээний мөнгө гаргах болдог. Энэ нь магадгүй хэн нэгэн эрхтэн, дархтаны ашиг олдог, мөнгө угаадаг арга байхыг ч үгүйсгэхгүй.
Гэхдээ хэн нэгний эрх ашигт нийцдэг байлаа гээд нийслэлчүүд хохирох ёсгүй байх. Аль эсвэл тавьсан бас ашиглалтад авсан хүмүүсээс гутлаа нэхвэл ямар вэ. “Гудамж” төслийнхнөөр гутлаа төлүүлье, нийслэлчүүд ээ.