О.Магнай даргын “замхрал”

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

О.Магнай даргын “замхрал”

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн тээврийн газар, такси үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд харилцан тохиролцож таксины километр тутмын үнийг нэмэхээр болчихож. Таксинд суусан л бол эхний нэг км-т заавал 1500 төгрөг төлж, дараагийн км-ээс эхлэн километр тутам нь 1000 төгрөгөөр тооцож, дуудлага, хүлээлгийн мөнгө минут тутамд бодогдох юм гэнэ. Бас болоогүй үйлчлүүлэгчид замын хажуугаас бус заавал тусгай таксины зогсоолоос такси барих шаардлагатай гэнэ /нийслэлд гарын хуруунд тоологдох таксины зогсоол бий/. Энэ өөрчлөлт шинэчлэлтийн хоморгонд өдөр шөнө ялгалгүй ажиллаж, ар гэрийнхнийгээ тэжээж, амьдралаа залгуулж яваа халтуурын таксичид өртөх нь. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Такси үйлчилгээ километр тутамд 600 төгрөгөөр иргэдэд үйлчилж байсан. Такси компаниуд үнэхээр алдагдалтай ажиллаж байгаа. Такси үйлчилгээг аварч үлдэхийн тулд үнийг нь нэмэхээс өөр ямар ч арга байхгүй. Халтууранд явж байгаа жолоочид заавал такси компаниудтай гэрээ байгуулж, ажиллах хэрэгтэй. Мөн автомашин нь 2002 оноос хойш үйлдвэрлэгдсэн, зөв талдаа рультэй, такси үйлчилгээ гэх таних тэмдгээр тоноглогдсон байх учиртай. Хэрэв аль нэгэн такси компанид бүртгүүлэн, зөвшөөрөл аваагүй бол иргэдэд үйлчлэхийг хатуу хориглоно. Замын хажуугаас, зөвшөөрөлгүйгээр иргэдийг суулгаж байгаа автомашин бүрт ЗЦГ-тай хамтран хариуцлага тоооцно” гэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Шударга өрсөлдөөнийг хянан зохицуулж, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалж ажиллах учиртай О.Магнай дарга, Нийслэлийн тээврийн газрын дарга О.Түшиг нар хамтран ийм мэдээлэл хийсэн нь олны бухимдал, дургүйцлийг төрүүлэв. Такси үйлчилгээ эрхэлдэг хэдхэн компанийг дэмжихийн тулд иргэдийн эрх ашгийг гаргуунд гаргаж байгаа нь тун харамсалтай. О.Магнай ажлаа авсан эхний хэдэн сардаа “хүн шиг” ажиллаж, сайхан амлалтыг урсгаж байсан хэдий ч харин одоо бусдын адил замхран алга болж байх шиг… 

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж