Тиймээс бид ажлын хэсгийн ахлагч, Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаас зарим зүйлийг тодрууллаа.
-“Нарантуул” худалдааны төвд одоо нөхцөл байдал ямар байна вэ. Ажлын хэсгийнхэн дөрвөн хоног амралтгүй ажиллах шиг боллоо. Энэ хугацаанд хэрхэн ажиллав?
-Захирамжийн дагуу ажлын хэсэг дөрөв хоног тухайн бүсэд ажиллалаа. Бид эхний ээлжинд обьектыг аюулгүйн бүс болгох үүднээс гаднаас хүн нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажилласан. Нэлээд өндөр температурт шатсан учраас хөртөл нь хүлээх шаардлагатай болдог юм байна. Үүний дараа шинжээчдийн баг, цагдаа, мэргэжлийн хяналтынхан орж ажиллах нөхцөлөөр хангаж ажилласан. Мөн түрээслэгчдийг хэсэгчлэн оруулах, тэдэнтэй уулзаж мэдээллээр хангах ажлууд хийгдсэн.
-Ажлын хэсэг байгуулагдаж ажилласнаас хойш 72 цаг өнгөрч, хамгаалалт, шатсан бараа, бүтээгдэхүүнд хийх шинжээчдийн хойшлуулшгүй ажиллагаа дуусч байх шиг байна?
-Хэргийн газрын үзлэг хийж байгаа ажилтнуудын нэг, хоёрдугаар давхарт хийх ажил үндсэндээ бараг дууссан. Харин одоо /өчигдөр/ их хэмжээний бараа бүтээгдэхүүн хадгалагдаж байсан зоорийн давхар буюу гал харьцангуй бага нэвчсэн талбайд ажиллаж байна. Тухайлбал, прокурор, цагдаа, мэргэжлийн хяналтын газрын ажлын хэсэг зоорийн давхарт ажиллаж, галд өртөөгүй бараа, бүтээгдэхүүнийг гаргаж, бүртгэж, эздэд нь таниулах, дүгнэлт гаргах ажиллагаа хийгдэж байна. Ингэсний дараа үргэлжлүүлээд тэдгээр барааг ялгаж, хэрэглэж болох зүйлсийг эзэнд нь хүлээлгэн өгөх, болохгүйг нь устгах, зарим зүйлийг нь шинжилгээнд өгөх ажиллагаа хийгдэх юм билээ.
-Хохирлын хэмжээг тогтоох ажил эхэлсэн үү?
-Хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагааг өчигдрөөс /уржигдар/ Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасагт явуулж эхэлсэн. Цагдаа, онцгой байдлын алба хаагчид амралтгүй ажиллаж байна. Галын голомт дээр ойролцоогоор 140 орчим мөрдөн байцаагч хэрэг гарсан өдрөөс хойш гурван удаагийн шинжилгээ хийгээд байна. Шаардлага гарвал дөрөв, таван ч удаа хийж магадгүй. Гал унтраах үеэр обьектод их хэмжээний ус орсон байгаа. Ийм нөхцөлд ажиллаж байгаа учраас хохирогчдын бараа материалыг олгох, цаашлаад хохирлыг нь тогтооход цаг хугацаа шаардлагатай байгаа. Энэ бүгдэд цагдаа, прокурор хяналт тавьж баримтжуулан ажиллаж байна. Мэргэжлийн байгуулагууд дүгнэлтээ гаргахаар иргэдэд мэдээлэх өгөх байх.
-Шатсан худалдааны төвөөс цагдаагийн албан хаагчид 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг бэлнээр олсон гэх мэдээллийг та хэвлэлүүдэд өгсөн байсан. Ер нь ашиглагдах боломжтой мөнгөн дэвсгэрт, бараа бүтээгдэхүүн хэр их байна?
-Шатсан байгууламж дотор банк, санхүүгийн байгууллага, ломбард, АТМ зэрэг үнэт зүйл бүхий зүйл хадгалах үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд байсан. Битүүмжлэлийн байдлаасаа болоод мөнгөн тэмдэгт эсвэл бараа бүтээгдэхүүн, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйл гарах тохиолдол байгаа. Сайн сейфтэйгийнх нь мөнгө бүрэн бүтэн үлдсэн байхад хамгаалалт муутай сейфнийх нь шатсан тохиолдлууд ч байна. Жишээ нь АТМ-нд байсан мөнгө шатсан байсан. Энэ бүхэн дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаад, баримтжуулагдаж байна. Эргээд энэ нь нөхөн олговор олгох эд мөрийн баримт болох боломжтой. 40 мянган ам.доллар нь шатсан байдалтай, зургаан сая төгрөг бэлнээр олдсон талаар хэргийн газар ажиллаж байгаа цагдаагийн ажлын хэсгээс мэдэгдсэн.
– Нурангиас гурван хүний цогцос олдсон гэх мэдээлэл байгаа?
-Ташаа мэдээлэл. Гал гарсан хүнсний худалдааны төвд хийсэн эхний өдрийн үзлэгээр нэг хүний цогцос олдсон. Цогцост хийсэн шинжилгээгээр 50 орчим насны эмэгтэй болохыг нь тогтоосон юм билээ. Талийгаачийг уг хүнсний төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан байж магадгүй гэж үзэн үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдэг мэдээлэл байна.
-Хоёр хүн сураггүй болсон гэсэн мэдээлэл бас гарсан байна лээ?
-Тийм мэдээлэл алга байна.
-Хохирсон түрээслэгчид даатгалтай ч хохирлоо бүрэн барагдуулж авч чадахгүй нь гэсэн бухимдалтай байгаа бололтой?
-Энэ бол хувийн байгууллага, иргэн хоёрын хооронд үүссэн харилцаа шүү дээ. Төрийн байгууллага энд ямар үүрэгтэй вэ гэхээр онцгой нөхцөл байдалд маш богино хугацаанд зохион байгуулалттай ажиллах ёстой. Цаашид холбогдох дүгнэлтүүд гарсны үндсэн дээр хууль хүчний байгууллага энэ асуудлыг шийдэх ёстой. Түүнээс биш ажлын хэсэг хохирлын хэмжээг тогтоож, барагдуулах үүрэг бүхий байгууллага биш.