НҮБ-ын шинжээчид “үнэтэй мэдээлэл” цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

НҮБ-ын шинжээчид “үнэтэй мэдээлэл” цуглуулжээ

Химийн довтолгоон хийгдсэн гэх газарт очих замдаа мэргэн буучийн галд өртсбн ч гэсэн НҮБ-ын шинжээчид хэргийн газраас агаар, газар ус, хохирогчдын шарилаас шинжилгээний дээж авч, гэрч нарын яриаг цуглуулжээ.

Мэргэн буучид шинжээчдийн машиныг замд нь буудсан ч гэсэн тэд хэргийн гараас үнэтэй мэдээлэл цуглуулсан хэмээн НҮБ-ын төлөөлөгч  мэдээлж байна. Химийн зэвсэг хэрэглэсэн гэх Дамаскийн дагуул хот Муадамид мэргэжилтнүүд хоёр эмнэлгээр орж, гэрч нар ба эмнэлэгийн ажилтнуудаас гэрчилгээний яриа авсан,  мөн шинжилгээний дээж  цуглуулсан гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун тайлбарлав.

Даваа гаригт НҮБ-ын шинжээчдийн хэрэг газар руу очиж явсан машины цувааг мэргэн бууч буудсан байна. Тэднийг буудсан хариуцлагыг  байлдагч талууд бие биедээ өгчээ. НҮБ-ын тэргүүн талуудаас шинжээчдийг хэргийн газарт оруулахыг шаардсан  юм.

Хүнд нөхцөл байдалд ажилласан ч гэсэн шинжээчид тэр өдөр үр дүнтэй  ажиллаж, мягмар гаригт ажиллах төлөвлөгөөгөө хийгээд  цуглуулсан материалын  зарим нэг дүгнэлтээ хийсэн байв.

НҮБ-ын 13 шинжээч, долоон орчуулагч нар Сирид наймдугаар сарын 18-нд хүрэлцэн очсон бөгөөд тэд Сирийн сөргөлдөөнд химийн зэвсэг хэрэглэсэн  эсэхийн ерөнхий зураглалыг гаргах ёстой байсан юм. Сирийн эрх баригчид дэлхийн хамтын нийгэмлэгийн шахалтаар НҮБ-ын комиссийг химийн довтолгоон хийгдсэн бүсэд оруулахаар ажиллахыг зөвшөөрсний дараа  тэд ажилдаа орсон билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж