Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

(Эссэ)


Өчигдөрхөн найзад минь банкны
мэдэгдэл иржээ. Банкинд барьцаалсан хөрөнгийг нь хураах юм байна. Өнөөдөр өглөө
сэтгэлийг нь засах гэж өглөөний цай цуг уухаар уулзав. Утас нь дуугарлаа.
Татварын ерөнхий газраас найз уруу минь утасдаж уул уурхайн төслөөсөө яагаад
татвар төлөхгүй байна вэ? Х-тайлан гаргалаа гэж загнаж байх юм. Үнэндээ найз
минь Х-тайлантай үхмэл компанитай байхыг хүсээгүй. Бас өрөнд орж, хөрөнгөө
хураалгахыг ч хүсээгүй нь тодорхой. Найз минь худалдаа, үйлчилгээний жижиг
бизнесээсээ олсон хэдэн төгрөгөө жижигхэн шороон ордын төсөлд оруулж, уул
уурхайн үйлдвэрлэл явуулах зөвшөөрлөө зохих хууль, дүрэм журмын дагуу аваад
байж. Мөн 60 орчим залуусыг ажилд авч, хүний нөөцөө ч базааж.


Гэтэл УИХ, орон нутаг,
Ерөнхийлөгчийн гээд бүтэн жил хагас дамнасан сонгуулийн сезон таарч түүгээр далимдуулан
гол ус, байгалиа хамгаалах иргэний нийгэм, хөдөлгөөн нэрээр ЭХ ОРОНЧ баг зүүсэн
орон нутгийн рекетүүд, улс төрчдийн МАФИЖСАН бүлэглэлүүд элдэв шантааж хийж
төслийг нь гацаасан байна. Жижигхэн шороон ордын төсөл ч гэлээ санхүүжилтын эх
үүсвэр дутагдах нь гарцаагүй. Найз минь 2 тэрбум орчим төгрөгийн зээл авч
үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авсан боловч төсөл гацсанаас болж ашиглаж
чадсангүй. Ингээд орлого байхгүй, байсан жаахан мөнгөө зээлийн хүүнд өгсөөр
өнөөдөр компани нь СӨХӨРЧЭЭ. Уул нь тэр төсөл хэрэгжсэн бол орон нутагт
боломжийн хэмжээний орлого орохоос гадна, нэлээд олон залууг ажлын байраар
хангачихаар байв. Бас өмнө нь ашиглаад хаясан эзэнгүй уурхайн ухаш, сумын
иргэдийн элдэв хог хаягдлаас үүссэн талбайг ч нөхөн сэргээчих боломж байж.


Өчигдөрхөн тэр амьдралын зорилготой,
хийж бүтээх гэсэн тэмүүлэлтэй нэгэн байсан бол өнөөдөр тэр банкнаас хөрөнгийг
нь битүүмжлэх мэдэгдэл, татварын байцаагчийн дансыг нь хааж хуулийн хариуцлага
хүлээлгэх захидал гартаа атгасан, маргааш шоронгийн хаалга татах ЯЛТАН болж
магадгүй нэгэн болжээ. Өнөөдөр өглөө үзэн ядмаар өглөө байлаа.


 

Л.Наранбаатар

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж