![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2012/11/8bff46e877cdbacb/88c7b0ec28c98e1abig.jpg)
Эдийн засагч болгон эдийн засаг хүндэрч байна, эдийн засгаа аврах талаар ярьж, хэлж буй. Эдийн засаг хямарсан гол шалтгаан нь валютын нөөц багасч, гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой гэж үзэж буй. Тиймээс Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар хууль боловсруулж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр зэхэж буй. Энэ төслийн гол асуудал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эзэмших хувь гэдгийг Ерөнхий сайд нэгэнтээ хэлсэн. Гэвч төсвийн орлого тасалдаж, төрийн данс улайж буй шалтгааныг Монголын бизнес, хууль эрхзүйн орчин муудсантай холбоотой гэдгийг хэлэх хүн олон бий. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан гадны компаниудад үйл ажиллагаагаа зогсоож, хөрөнгө оруулагчдын туслан гүйцэтгэгчээр ажилладаг дотоодын олон компани татвараа төлж чадахгүй гацаанд орсон, “Эрдэнэс Тавантолгой” алдагдал хүлээсэн, Оюутолгойн ил уурхайн хөрөнгө оруулалт дууссан гээд олон шалтгаан нэрлэж болох. Ээлжит бус чуулганаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хөрөнгө оруулагчдыг татаж, орлогоо нэмэгдүүлж чадвал эдийн засгийн хямралаас гарах нэг алхам болно. Үүний шалтгааныг зарим улстөрч, эдийн засагчид өнөөгийн Засгийн газрын явуулж буй үйл ажиллагаа нь манай улсад ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах боломжтой гадаадын хөрөнгө оруулагчдийг болгоомжлох, хүлээх байдалд хүргэсэн гэж үзэж буй. Засгийн газрын тэргүүн нь эдийн засаг хямраагүй гэж мянга дуугараад ч нөхцөл байдал яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг бэлхнээ харуулж байна. Тиймээс Засгийн газраас боловсруулж, батлуулахаар зэхэж буй хуулийн төсөл нь хөрөнгө оруулагчдыг бууруулах биш татахад орших учиртай.
УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар 2013 оны Төсвийн тухай хуульд тодотгол хийх байх гэж харах хүн олон бий. Гэвч Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Одоогийн байдлаар 2013 оны төсөвт тодотгол хийх талаар яригдаагүй байна. Тодотгол хийх шаардлага гарвал хийнэ” гэсэн тайлбар хэлж буй. Тэгвэл Сангийн яамнаас санаачлан 2013 оны Төсөвт тодотгол хийхээр ажиллаж байгаа гэнэ. Үүсээд байгаа нөхцөл байдлыг авч үзээд ээлжит бус чуулганаар санхүү, эдийн засгийн хүндрэлийг яаралтай даван туулах арга хэмжээний талаар хэлэлцэх шаардлагатай болж буй. Үүнийг дагаад 2013 оны төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ. Төсөв хэдэн төгрөгийн алдагдалтай гарах, Төсвийн тухай хуулиудын үзүүлэлт хангагдаж буй эсэх нь одоогоор тодорхойгүй учраас 2013 оны төсвийн тодотгол нь Сангийн яамны “нууц” хэвээр байна.
УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын дундуур хуралдана. Энэ хуралдаанаар валютын нөөцөө бүрдүүлж чадах, гадаадын хөрөнгө оруулагчдыг нэмэгдүүлж чадах уу, 2013 оны төсөвт хэрхэн тодотгол хийх зэрэг олон хүлээлтэд хариулт өгнө. Үүнээс гадна Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Урт нэртэй хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлүүдийг мөн хэлэлцэх юм байна.
Одоогоор хамгийн чухал гурван асуудлаа хэрхэхээс бид эдийн засгийн хямралын давалгаанд өртөх нь эсэх нь тодорхой болно. Ээлжит бус чуулганыг хугацаа хожимдож хуралдуулах гэж байгааг хэлэх хүн олон байгаа ч хэлэлцэх асуудал нь гарцтай байх нь илүү чухал биз ээ.