Орон сууцны зээл ердийн хэмнэлд орлоо

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Орон сууцны зээл ердийн хэмнэлд орлоо

8 хувийн хүүтэй зээл 8-р сард


Жирийн хүмүүс зээл авч байна

“Цалинтай бол байртай” болох 8 хувийн хүүтэй орон сууцны зээлд 20 орчим мянган хүн хамрагджээ. Ам бүл дөрвөөр бодоход 80 орчим мянган иргэн, томхон аймгийн дайтай хүн ам үр өгөөжийг нь бодитой хүртлээ. Зээл авагчдын дөрвөн хүний гурав нь хуучин зээлээ 8 хувьтайд шилжүүлж, үлдсэн нь шинээр авсан байна. Найман хувийн хүүтэй зээлээр худалдан авсан байр сууцны 66,5 хувь нь шинэ.  Энгийн ажиглалт, хүн хоорондын харилцаанаас үзэхэд лангуу ажиллуулдаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг залуу айл өрх байр сууцанд орсон нь түгээмэл. Найман хувийн хүүтэй зээл үгүй бол яаж ч хичээгээд байр авах хүсэл хэсэгтээ бүтэхгүй байсан гэж хэлж байна. Зээлийн хүү буурсан учир сардаа 800 орчим мянган төгрөг төлдөг байсан нь хоёр дахин буурч, өрхийн зардал хэмнэж буйг хүмүүс нотолж байна. Зээл олгож эхэлсэн 52 хоногт 20 мянган өрх хэрэглээнээс хуримтлалд шилжиж эхэлсэн, цалин нэмэгдээгүй ч худалдан авах чадвар нь өссөн нь хөтөлбөрийн хамгийн гол ашиг тус, хүндээ хүрсэн үр дүн юм. Банкуудад очиж иргэний хяналт явуулахад 8 хувийн хүүтэй зээл олгох ажил хэвийн хэмнэлд орсон, хэт их дараалал багассан, хүмүүс юу хэрхэн бүрдүүлэхээ мэддэг болсон, яарч адгавал сууцны үнэ хөөрөгдөх юм байна гэсэн санал бодол нэмэгдсэн шинж илтэд ажиглагдаж байна. Төрийн банкнаас 8 хувийн зээл олгох ажил бага зэрэг удааширсан болохоос таг зогссон, бүр их хугацаа нэмэгдсэн зүйл алга байгааг иргэний, хөндлөнгийн байр сууринаас, газар дээрээс нь хийсэн сурвалжлага ажиглалт нотолж байна. ХААН, бусад банкуудад зээл олгох ажилд онцын саад бэрхшээлгүй үргэлжилж байна.  

Чөдөрлөдөг биш чөлөөлж болдог дүрэм журам

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар цаасан лавлагааг цахим хэлбэрт шилжүүлэн, хамгийн их дараалал үүсгэж байсан шат дамжлагыг алга болгосон нь зээл хүссэн иргэдийн талархлыг хүлээлээ. Монголбанк анх батлан гаргасан зээлийн журмынхаа заалтыг амьдрал дахь хэрэгцээ шаардлага, хүмүүсийн санал бодлыг харгалзан шуурхай өөрчлөн зохицуулсан нь аливаа шийдвэр тогтоол хөгжлийг чөдөрлөгч биш хөтлөгч байх бололцоог харуулсан алхам болсон. Сүүлийн зургаан сард ямар нэг зээл авсан байсан ч 8 хувийн хүүтэйд хамрагдах эрхийг нээсэн, журмын заалтын өөрчлөлт юм.

Мэддэг зүйлдээ нөхөр, мэдэхгүйдээ дайсан: Зээл зогсохгүй

Улс, Улаанбаатар хотын аль хэсэгт, хуучин, шинэ ямар төрлийн байр сууны үнэ сар, 7 хоногоор хэдэн хувиар өсч буурсан тухай яг таг мэдээлэл, индекс одоог хүртэл алга. Барилга, хот байгуулалтын яам орон сууцны үнийн мэдээлэл тогтмол гаргаж байхаар болсон тухайгаа мэдэгдсэн нь сайн мэдээ, 9 дүгээр сард улс орны амьдрал идэвжих үеэр эхний алхмуудаа хийнэ гэдэг хүлээлт их байна. Өөрсдөө утастаж, өөр хоорондоо ярилцаж, санаандгүй цөөн тохиолдлоор үнэ ханш дуулж байгаа нь зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтэнд зохистой нөлөөлөхгүй байна. Ченжүүд хүмүүсийн хэрэгцээ, хамгийн гол нь сайн мэдээлэлгүй, яаруу сандруу сэтгэл зүй дээр тоглох явдал ч байгаа юм.

Орон сууцаар баталгаажсан үнэт цаасыг Монголбанк авч арилжааны банкууд ахин дахин санхүүжих ажил үргэлжлэх, тасралтгүй үйл явц. Зээл зогсоно, дуусна гэсэн ойлголт байхгүй гэж Ерөнхий сайд, Төв банкны удирдлага удаа дараа мэдэгдлээ. Дуусахгүй гэсэн удаа дараагийн албан ёсны мэдэгдэл гарсаар байхад дуусч магадгүй хэмээх цуурхал, ам дамжсан ярианд автагдаад буй нь бүгдэд ашиггүй. Яарч адгах тусам эрэлт өсч, үнэ нэмэгдэн, бид өөрсдөө хохирно. Зээл зогсохгүй гэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн шулуухан мэдэгдэл эргэлзээ тайлахад сайн нөлөө үзүүллээ.

Барилгын материал, орон сууцны үнийг тогтворжуулах хөтөлбөрт хамрагдан хөнгөлөлт эдэлсэн 53 компанийн 2-оос бусад нь үүргээ биелүүлж байна. Ирэх онд 34 мянган шинэ сууц ашиглалтанд орж, нийлүүлэлт нэмэгдэх учраас байрны үнэ 30 хувь буурах магадлалтай гэж БХХЯ мэдэгдлээ. Угаасаа олон жилийн туршид дорвитой шийдээгүй, хамгийн гол нь ирээдүйн цалин орлогоо барьцаалан, урт хугацаатай, бага хүүтэй авах зээлийн тогтолцоо байхгүй, хүн амын 60 хувь нь инженерийн шугам сүлжээтэй, орчин үеийн байр сууцгүй, хуримтлагдсан эрэлт их байсан учир нийлүүлэлт нь эхний шатанд нэн зохистой байх бололцоо бага билээ. Ам метрийнх нь үнэ 100-200 мянга орчмоор нэмэгдсэн гэх боловч одоо баригдаж байгаа, дуусах гэж буй 34 мянган шинэ сууц ашиглалтанд орсоноор хөөс буух нь тодорхой байна. Хоосон цуурхалд биш албан ёсны мэдээлэлд итгэх, яарч адгахаасаа илүү хэзээ, хаана, хэрхэн байр сууц авахаа олон талаас нь судлан шийдэж байвал бид өөрсдөө илүү үнэ төлж хохирохгүй, харин ч бүр олуулаа хожих бүрэн боломж байгаа билээ. Орон сууцны зээлийн тогтолцоо шинэ тулгар учраас мэдээлэл, мэдлэг дутагдсан, яарч түргэдсэн явдал багагүй байсан. Хамгийн бэрхшээлтэй, гарааныхаа шатыг даван туулж, тогтолцоо нь нэгэнт үүсэн, хэвийн гольдрол, ердийн хэрэглээ болж хувирлаа. Цаашдаа хүмүүс тогтвортой ажил эрхлэх сонирхол, хөшүүрэг түгээмэл болж, ажилгүй, цалингүйгээс үүдсэн үр дагавар багасах алс холын ашиг тус өдөр өдрөөр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Миний хаяг: Монгол хөдөлгөөн
2013.08.26
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж