Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн

Та битгий уурлаарай. Юунд уурлана гэж та бодож магадгүй. Гайхах хэрэггүй, таксины үнэ км тутамдаа 1000 төгрөг болох нь. Ингэхдээ бүр эхний км-ийн тариф 1500 юм гэнэ. Юуны учраас вэ гэж үү. Зах зээлийн орчин хумигдмал, цөөхөн хүмүүст таксины олон компани үйлчилж байдаг болохоор. Тэртээ тэргүй нэгнийгээ дуурайх дуртай монгол зангийн гайгаар таксины компаниуд олширсны горыг иргэд амсах боллоо. Зах зээл жижиг гэдгээ мэдсээр байж нэгнийгээ дуурайж компани байгуулчихаад, одоо шанг нь та, бидэнд амсуулах гэж байна. Бүх компаниуд шүү. Хэрвээ зах зээлийн хуулиараа бодох юм бол энэ маш буруу хэрэг. Хуулийн хатуу хэллэгээр үгсэн тохиролцож үнээ нэмсэн хэрэг болно. Хэрвээ таксины компани байгуулсан хэн нэгэн үнэхээр алдагдал хүлээгээд байгаагаа мэдэх юм бол зөвхөн өөрийн компанийн таксины үнийг нэмж болно. Бусад компаниудад энэ нь хамаа ч байхгүй. Тэгж байж л өрсөлдөөн явж байгаа юм. Бодъё л доо. Жирийн иргэд алинд нь илүү суух вэ? Үнээ нэмсэн таксинд уу, үнээ нэмээгүй таксинд уу. Дахиад хэдхэн хором бодъё. Бүх компани үнээ нэмбэл юу болох вэ?

Хувийн таксинууд тэртээ тэргүй их. Нотлох гээд ч хэрэггүй. Таксины компаниуд эднээс юугаараа ялгагддаг вэ? Тоолуураараа. /Үнэн эсвэл худлаа заадаг нь үл мэдэгдэнэ/. Арай л цэвэрхнээрээ. /Үргэлж ийм байдаг уу гэдэг нь үл мэдэгдэнэ/. Соёлч харьцаа. /Мөнгөтэй юу, үгүй гэдгээр хэмжигдэнэ/ Өөр ялгагдах зүйлүүд олон л доо. Дөрвөн оронтой тусгай дугаараар дуудна. Хүлээлгийн мөнгө авна. Өөр ялгагдах юм тэдэнд нэгээхэн ч үгүй. Харин ч хувийн таксинууд хаана ч гар өргөсөн зогсдог юм шүү. /Хаашаа явах вэ гэдэг нэг дутагдал бий/. Тэрнээс тусгай дугаар руу залгачихаад байхад уучлаарай хаяг чинь тодорхойгүй байна, эсвэл одоогоор ойролцоо явж байгаа такси алга байна баярлалаа, баяртай гэдэг хариуг сонсохгүй амар. Машин замын хажууд цас, бороо ялгахгүй зогсч чадвал та ямар ч таксинд сууж болно. Яахав доторх нь бохир байж болно. Одоо хувийн таксинуудын мандах цаг ирлээ. Та нар цөм хиймээр байвал өмнөх шигээ яв. Хүмүүс хэдэн төгрөгөө бодоод таны машинд сууна. Учир нь хэн ч илүүг төлөхийг хүсэхгүй учраас тэр. Та нарт сонголт бий.

Таксины компаниудын байр сууринд эргэн ирэе. Зах зээл жижиг. Үйлчлүүлэгч цөөн. Тэгээд хятадаас ирсэн олон машиныг оруулчихсан байдаг. Мэдээж орлогоо бодох нь зах зээлийн хууль. Гэхдээ бүх компаниуд нэмнэ гэдэг нь арай л зохимжгүй хэрэг. Та бүхэн сэтгэх гээд үз. Байдал яавал ашигтай вэ гэж. Хэрвээ мөнгө ихтэй компани байвал бусдыгаа худалдан ав. Эсвэл хуучин үнээрээ яв. 1500 болчихвол өмнөхөөсөө нэг их ялгаа гарахгүй. 1500-г  төлөөд таксинд чинь суудаг 100 байсан ч, өмнөх шигээ л ашгийг олно. Тэгэхээр та яамаар байна. Бод доо.

Жирийн үйлчлүүлэгч та битгий уурлаарай. Зах зээлийн хэмжээгээ мэдэхгүй олон компани байгуулагдсан нь таны буруу биш. Одоо нэг л зүйлд найдах үлдсэн. Хувийн таксинууд хуучин үнээрээ яваасай гэж…

Б.СҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж