Хот хөдөөгийн маргаан

Хуучирсан мэдээ: 2013.08.28-нд нийтлэгдсэн


Намайг хүмүүс “Хөдөөнийх” гэж ирээд л тодотгох юм,
хөдөөнөөс ирсэн нь миний буруу биш биз дээ ? Та юу гэж бодож байна ? гэсэн
мессеж хүлээж аваад хэсэг эргэцүүлж суулаа. Тэгээд би бодлоо хэлэхээр шийдэв.



Аль ч газар хот, хөдөөгийн ялгаа гэж байдаг. Сайн муу
гэж энд ярихгүй, амьдрах орчны ялгаа л гэж бий. Хотын хүүхдийг хөдөө аваачаад
орхичихвол 7 хонохгүй мяарна даа, аягүй
бол
шоолуулна “Монголоо алдсан, морь ч унаж чадахгүй, айраг цагаа ч идэж мэдэхгүй”,
бас л амьдрах орчны ялгаа өөр юу ч биш. Хотод машин замаар морь унаад давхих
боломжгүй болохоор байрны бацаанууд хөдөө хамаатан садангүй л бол морь унаж
чадахгүй байх нь аргагүй зүйл, энд нээх Монголоо алдаад байх зүйл байхгүй.

Ердөө л амьдрах орчны ялгаа өөр юу ч биш юм бол
яагаад “Асуудал” үүсээд байгаа юм ? Хөдөө рүү биш хот руу нүүсэн урсгал
хэтэрхий их байгаа болохоор л “Хотод” асуудал үүсээд байхгүй юу. Жишээ нь хөдөө
тал дээр тааваараа сайхан амьдарч байгаа малчид дээр хотын нэг хорооллыг гэнэт
нүүлгэж аваачаад, шөнөжин хөгжим балбуулаад, өдөржин машин давхиулж орхивол тэр
улсууд уурлаж бухимдаж л таарна аа даа ? Тэрэнтэй адилхан арай гэж нэг юм хотын
соёлыг дөнгөж нутагшуулаад байтал гэнэт олноороо нүүж ирээд хээр мал хариулж
яваа юм шиг замын голд машин таглаад хөдлөхгүй, гуанз ресторанд чанга чанга
орилоод суулгахгүй, хашлага давж морь харчихаад, хаа хамаагүй хөндлөн туучаад
байвал “Хотын” гэх нэршилтэй улсууд бага зэрэг бухимдаж л таарна.

Гэхдээ энэ охины мессежийг харахад оюутан бололтой,
сургууль дээр нь л асуудал үүссэн болов уу. Их сургуульд хот хөдөөгөөрөө
хуваагдчихаад л хотынхон нэг их “Савсагнадаг даа”, тэд нар бол худлаа гарууд
шүү, бүр элийрээд болохгүй бол тэр 1,2,3-р төрхийнхөө шороон дээр очиж сайн
хөрвөө гэж хэл. Найрсаг соёл л хотын соёл болохоос нэр гутаасан хэлбэр хөөгчид
байж таарахгүй.

Эцэст нь хэлэхэд найз минь, одоо үед чинь дэлхийд
ховордсон нүүдэлчин амьдралаараа бахархаж явах ёстой байтал хэн ч биш, юу ч
биш, дурын нэг улсын дурын нэг хотод очиход хуулаад тавьчихсан юм шиг байж л
байдаг хэдэн байшин, арзайсан хэдэн машин, аальгүй хэдэн охидтой өөрийгөө жишин
дэмий зүйлд бухимдаж суух юм даа гэж. Би лав хөдөө малчин айлд төрчихөөгүйдээ
их харамсаж, бага байхад өвөө эмээ дээрээ өнгөрүүлсэн хэдхээн жилээ чухам
хамааруулж сайрхан явдаг юм.

Үл таних facebook танил

Ч.Ганжавхлан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж