ДАШТ 2010-ын үеэр нойргүй шөнүүд өнгөрүүлэх нь

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

ДАШТ 2010-ын үеэр нойргүй шөнүүд өнгөрүүлэх нь


Өмнөд Африкт болох хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн эхлэхээс хоёрхон хоногийн өмнө гадаадын сэтгүүлчдийг дээрэмдсэн гэмт хэрэг гарчээ.
Иоханнесбург хотоос 150 км зайтай орших Магалиесбурго дахь нэгэн зочид буудалд унтаж байсан испанийн нэг, португалийн хоёр сэтгүүлчийг үүрийн дөрвөн цагийн үед зэвсэглэсэн этгээдүүд өрөөнд нь орж дээрэмджээ.
Дээрэмчдийн дуу чимээнээр португалийн сэтгүүлч сэрсэн боловч түүний толгойд гар буу тулгаж, аманд нь орны даавуу чихэж, сэтгүүлчдийн паспорт, 3000 евро, гар утас, нөөтбукууд, хувцас хунар бүхий чемодануудыг дээрэмдэн авч явжээ. Испанийн сэтгүүлч Мигель Серрано “бид зөвхөн дотуур хувцас, дэлхийн аваргын тэмцээнийг сурвалжлах эрхийн үнэмлэхтэйгээ үлдсэн” гэж ярьсан байна.
Өмнөд африкийн цагдаа нар дээрэмчдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд тэд зочид буудлын ар талын хаалгаар нэвтрэн орсон болохыг тогтоожээ.
Гэмт хэрэг, дээрэм тонуулын асуудал хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгуулагчид болон оролцох зочдын сэтгэлийг түгшээсэн асуудлын нэгэн болж байгаа юм. Өмнөд Африкийн тал хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүн цөөхөн газраар явахгүй байх, нэн ялангуяа шөнийн цагаар гадаа гарахгүй байхыг зочдод урьдчилан анхааруулж, өдрийн 16.00 цагаас хойш хотын төв хэсгээр явахгүй байхыг хүсч байгаа ажээ.
Өмнөд Африкт өдөрт гэмт этгээдүүд 50 хүний амь насыг хөнөөж байгаа нь 6 дахин олон хүн амтай АНУ-ын хэмжээтэй дүйх үзүүлэлт юм байна. Өмнөд Африкийн эрх баригчид гадаадын зочдыг гэмт хэрэгтнүүдээс хамгаалах үзүүлэн сургалт явуулсан боловч EFE агентлагийн тодорхойлсноор энэ нь бодит хэрэг дээр “аюулгүй байдлыг хамгаалах сургалт гэхээс илүү дуу хөгжим хангинуулан бүжиг наадам хийсэн нэгэн төрлийн карнавал болж, ӨАБНУ-ын төрийн далбаа барьсан хэдэн зуун хүмүүсийн сэтгэлийн хөөрлийн жагсаал болж өнгөрсөн юм” гэсэн байна.
Энэ орны аюулгүй байдал, гэмт хэргийн асуудал нь дэлхийн хэмжээний энэхүү том үйл явдал болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцогдчын сэтгэлийг түгшээсэн зүйл болж байна.

Эх сурвалж: EUROSPORT.es
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж