Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дугаар ангийн байлдагч Х-г офицер нь зодож, дарамтлан, зүү залгиулсан ноцтой хэрэг олны анхааралд байна.
Даргадаа дарамтлуулан, зүү залгисан залуу айснаасаа болж хэрэг явдлыг нэлээд удаан нуусан ч тэсгэлгүй бие нь өвдөж, ангийн удирдлагууд болон ар гэрийнхэндээ хэлснээр эл хэрэг нийтэд ил болсон. Тэрбээр яаралтай хагалгаанд орох заалттайгаар энэ сарын 19-нд нийслэлд ирээд байгаа бөгөөд Цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Түүний хувьд өнгөрөгч тавдугаар сард өөрийн хүсэлтээр цэргийн албанд мордсон бөгөөд дөрвөн сар ч хүрэлгүй эмнэлэгт хэвтлээ. Тэрбээр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын хоёрдугаар багийн малчин А.Пүрэв-Очирын том хүү эрэгтэй, эмэгтэй хоёр дүүтэй ажээ. Увс аймгийн эмч нар түүнийг нийслэл рүү яаралтай хагалгаанд оруулахаар явуулсан ч залгиасан зүү нь хөдөлгөөнгүй болсон цагт хагалгаа хийх шаардлагатай учраас хойшлоод байгаа юм байна. Ингээд дөрвөн ширхэг зүү залгисан 19 настай П.Хэн-мэдэхтэй уулзаж, болсон явдлын талаар ярилцлаа.
-Юу болсон талаар яриач. Яагаад тийм олон зүү залгичихав аа?
-Тухайн өдөр манай дэд түрүүчийн утас нь алга болчихсон юм. Тэр намайг авсан гэж хардаад, дэслэгч н.Баатарт хэлнэ гэж дарамталсан. Би угаасаа тэр утсыг нь аваагүй учраас тэг тэг гэсэн л дээ. Ингээд л н.Баатар дэслэгч намайг өрөөндөө дуудаж, оруулаад суниалгаж, элэг рүү өшиглөсөн. Дэд түрүүчийн утсыг гаргаж өг гэж нэхээд байсан. Би тэр хүний утсыг аваагүй гэдгээ хэлсэн ч тоогоогүй, гаргаж өг гээд зодоод байсан. Тухайн өдөр дэд түрүүч харуул, хамгаалалтад гарчихсан байсан. Тэр шөнө би бас хамт манаанд хоносон юм л даа. Тийм болохоор л намайг авчихлаа гээд зодоод байсан хэрэг. Би сүүлдээ дэслэгчийг дуудахаар айгаад хөл, гар чичирдэг болчихсон байсан. Намайг яаж зодох бол, яах бол гэж их айдаг байсан.
-Чамайг тийм олон удаа зодсон хэрэг үү?
-2-3 удаа дуудаж зодсон.
-Ингэж их зодчихоод дахиад зүү залгиулсан хэрэг үү?
-Намайг залги гэж загнаад байсан. Ер нь бол айсандаа л залгичихсан. Хамгийн сүүлд дуудаж зодохдоо дөрвөн зүү залгиулсан. -Хоолойнд чинь тээглээгүй юм уу, чамд тэгээд залгихгүй байх боломж гараагүй юм уу? -Зүгээр гүйгээд л орчихдог юм билээ. Зодуулахаас айсан болохоор л залгичихсан. Хоолой руу хатгаж байсан ч гүрийгээд л давсан.
-Тэгээд зүү залгиснаа хүмүүст хэзээ мэдэгдсэн юм бэ. Ангийнхаа удирдлагуудад энэ талаар хэлээгүй юм уу?
-Айгаад хэнд ч хэлэлгүй хоёр гурав хоносон.
-Энэ хугацаанд биед чинь ямар нэгэн зовиур өгөөгүй юу?
-Эхлээд гайгүй байсан ч сүүлдээ гэдсээр хатгуулаад өвдөж эхэлсэн. Тэгэхээр нь ангийнхаа удирдлагуудад хэлсэн. Гэхдээ дахиад зодох байх гэж айгаад захныхаа даавууг хадаж байгаад залгичихсан гэж хэлсэн.
-Тэгээд ангийн удирдлагууд чинь чамд ямар тусламж үзүүлэв?
-Би бүгдэд нь захныхаа даавууг хадаж байгаад залгисан гэж хэлсэн. Тэгэхгүй бол н.Баатар дэслэгч дахиад л зодох байх гэж айсандаа л тэгж нуусан л даа. Ангийн дарга нар намайг Улаангом уруу авч яваад эхо-д харуулсан. Тэгсэн нэг нь ч гараагүй байсан юм билээ. Эмч дөрвөн ширхэг зүү байна гэж хэлсэн. Ингээд хот уруу яаралтай хагалгаанд ор гэсэн.
-Хот уруу яаж ирэв тэгээд?
-Наашаа ирэхэд жаахан хүндрэлтэй байсан л даа. Онгоцны билет олдохгүй байсан. Гэхдээ манай аавын дүү нь онгоцны билет олж өгөөд ирсэн.
-Замын зардлыг та нар өөрсдөө гаргасан юм уу. Хагалгааны зардлыг хаанаас гаргасныг мэдсэн үү?
-Тэгсэн. Манай гэрийнхэн наашаа ирэх зардлын мөнгийг гаргасан. Харин хагалгаанд шаардагдах зардлыг хэн гаргахыг би сайн мэдэхгүй байна.
-Хотод ирснээс чинь хойш ангийн удирдлагуудаас чинь холбоо барьсан зүйл байна уу?
-Энд ирснээс хойш хэн ч асууж сураглаагүй.
-н.Баатар дэслэгч ер нь цэргүүдийг энэ маягаар дарамтлах тохиолдол байсан уу?
-Намайг бол утаснаас болж хэд хэд зодсон. Өөр цэрэг зодуулж байхыг хараагүй.
-Тэр алга болсон утас нь олдсон уу?
-Олдоогүй.
-Энэ ангид ирсэн цагаасаа хойш л ингэж дарамтлуулав уу эсвэл утас алга болсноос болоод л ингэж зодуулав уу ?
-Очсоноосоо хойш хааяа хааяа зодуулдаг л байсан. Гэхдээ энэ сард бол илүү их зодууллаа.
-Гэрийнхэндээ хэзээ хэлэв?
-Ангийнхаа удирдлагуудад хэлснийхээ дараа хэлсэн.
-Хагалгаанд хэзээ орох вэ. Одоо биед чинь зовиур байна уу?
-Их л өвдөж байна. Хагалгаанд удахгүй орох байх.