Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах асуудлаар туршлага судлах зорилгоор ажлын айлчлал хийж байгаа Киргизийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр цааш нь Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойг өнгөрсөн онд тэмдэглэж өнгөрүүлсэн. Мөн хоёр орны хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 20 жилийн ой энэ оны долдугаар сард тохиосныг тэмдэглэн хэллээ. Түүнчлэн хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа, найрамдлын бүлгүүд хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатай байгааг тэмдэглэээд цаашид Тамгын газар, Байнгын хороод хооронд хамтын ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улс эдийн засгийн хөгжлийн стратегийг боловсруулах ажлын хүрээнд малчдыг дэмжих хөтөлбөр, Атрын III аян зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа, мөн 2015 он гэхэд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилтат автозамаар холбох ажил үргэлжилж байгаа болон уул, уурхайн салбарт хэрэгжүүлж буй бодлогуудын талаар Киргизийн парламентын төлөөлөгчдөд танилцуулав.
Ноён Султанов болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчид манай орны эдийн засаг, нийгэм, улс төр, бүтээн байгуулалт болон парламентын үйл ажиллагааны талаар сонирхсон юм. УИХ-ын гишүүн Г.Батхүү тэдний асуусан асуултад дэлгэрэнгүй хариулт өгч, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.