АНУ-ын сенатын гишүүд айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

АНУ-ын сенатын гишүүд айлчиллаа

Америкийн Нэгдсэн Улсын Сенатын гишүүн Жон МакКэйн, Шэлдон Уайтхаус нар 8 дугаар сарын 23-25-нд Монгол Улсад зочиллоо. Сенатын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзан хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар ярилцав. Мөн олон улс, бүс нутгийн аюулгүй байдал, бусад сонирхсон асуудлаар санал солилцов. Уулзалтад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол, АНУ-ын Парламентын бүлгийн гишүүн Ч.Сайханбилэг, Гадаад харилцааны сайд Л.Болд нарын албаны хүмүүс байлцав.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд  Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэтэй уулзаж, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, түүний дотор олон улсын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь хамтын оролцооны талаар ярилцан санал солилцов.

Жон МакКэйн нь Монгол Улсад 1997 онд анх зочилж байсан бөгөөд АНУ-ын Конгресс Монголын ардчилал, чөлөөт сонгууль, зах зээлийн шилжилтийг анхнаас нь дэмжиж, Сенатаас холбогдох тогтоолуудыг гаргахад бодит хувь нэмрээ оруулж ирсэн, нэр нөлөө бүхий улс төрчдийн нэг юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж