Шилийн Богдын эмзэглэл

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Шилийн Богдын эмзэглэл

Монголчууд бид уул ус, байгаль дэлхийгээ амьтай сүнстэй хэмээн ойлгож хүслээ даатгаж, сэтгэлээ өргөсөөр ирсэн уламжлалтай билээ. Гэтэл хэдийнээс ч юм бэ бидний шүтлэг бишрэл хэм хэмжээгүй, эмх замбараагүй болчихжээ.

Саяхан домогт Шилийн Богд ууланд очлоо. Шилийн Богд руу хөврөх замууд найман зовхисоос зурайж, улмаар бэлд нь ирээд зогссонгүй, зарим нь хүчит техникийн шидийг үзүүлэхээр онгон сүрлэг орой руу нь духны сорви мэт халзан зам хэгз татуулан гарчээ. Ваарны хагархай заадас мэт хос мөр ангайн харлана. Машинаараа орой руу авирсан тэр хүмүүс чухам юуг хүсэн залбирсан болоо? Орой дээр нь “жийп” машинтайгаа гарсанаар илүү болох нь юу л бол доо. Харин ч овоо уулаа оглож, онгон байгалиа талхалжээ.

Шилийн Богд уулаад өгсөх замын дунд байх овооны дэргэд нэгэн том бул чулуу хэвтэнэ. Тэг дөрвөлжин ширээ мэт тэр чулууг ийм өндөрт яаж гаргасан юм бол? Их л зардал чирэгдэл, бэл бэлчин бүхий ажил явдал болоо доо! Чулуунаа хэсэг хүмүүсийн нэрсийг бичиж, ар талд нь шүлгийн хэдэн мөр сийлжээ. Уншиваас манай улс төрийн лидерүүдийн овог нэр дурайна. Овоонд сэтгэлээ бус нэрээ мөнхжүүлэх гэж чулуу өргөх ёсонг тэд “санаачилжээ”. Энэ том чулууг ийм дээш гаргах гэж мэдээж хүчирхэг том өргөгч кран ашигласан байж таарна. Мөр нь газрын сорви болон харлажээ. Уул шархаджээ. Ингэж нэрээ бичсэн чулууг овоонд өргөсөнөөрөө хийморь сэргээд бусдын магнайд гишгэж амжилтын оройд гарсан бол уу? Асуух л асуулт.

Шилийн Богдын сүлдэн овоонд бас нэгэн эрхэм дуу шүлгээ чулуунаа сийлэн “өргөжээ”. Дуугаа зориулж, уулын тэнгэрт аялгуу өргөх бол сайхан ёс. Хуураа аваад уулын тэнгэрт хуурдах нь хорвоогийн бас нэгэн гайхамшиг. Гэтэл овоонд ирснээ, баян чинээлэг амьдарч байгаагаа уул овоонд “мөнхлөх” ийм “соёл” буй болж байгаа нь тун харамсалтай. Одоо бас нэгэн эрхэм мөнөөх авдарын чинээ чулуунаас том чулуун дээр нэрээ бичиж, уулын тэг дунд биш орой дээр өргөх тухай зүүдэлж байж ч магад шүү дээ. Өөр нэгэн эрхэм Шилийн Богдын оройд тэнгэр тулам цамхаг босгож бас чадна. Ингээд Шилийн Богд уул онгон төрхөө гээж, элдэв бичээс, пайз зүүсэн овоолго болон үлдвэл яах вэ?

Ар хормой доор нь нэгэн жуулчны бааз байгуулагдаж байгаа бололтой. Бас нэгэн хүн бэлд нь юм барихаар хөөцөлдөнө.

Ингээд Шилийн Богдын уугуул төрх, утга санаа үгүй болно. Хүн мөнх бус. Уул мөнх. Байгаль дэлхийгээ байгаагаар нь байлгая. Алдар нэрээ арай өөрөөр мандуулцгаая, хүмүүс ээ! Ууландаа нэр алдараа бус, сэтгэлээ, сүсэг бишрэлээ өргөцгөөе, монгол ахан дүүс ээ!

О.МӨНХНАРАН
/2013.08.26/




NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж