Үр тарианы болц 5-8 хоногоор оройтох нь

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

Үр тарианы болц 5-8 хоногоор оройтох нь

Хур ихтэй энэ жилийн ургацын урьдчилсан балансыг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцууллаа. Энэ жилийн хувьд, 423.4 мянган тонн үр тариа, үүнээс 404.6 мянган тонн буудай, 211.8 мянган тонн төмс, 103.4 мянган тонн хүнсний ногоо, 65.2 мянган тонн тосны ургамал, 21.0 мянган тонн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоожээ. Энэ нь нэг га-гаас дунджаар 14.8 цн буудай, 140.2 цн төмс, 135.5 цн хүнсний ногоо, 8.2 цн тосны ургамал, 17.4 цн  малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжийг бүрдүүлсэн байна.

Хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан улаанбуудайн тариалалтыг тавдугаар сарын 1-нээс  тавдугаар сарын 30-ны хооронд  зохион байгуулжээ. Тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авах ажлыг зохион байгуулж 12 аймгийн 265.0 мянган га улаанбуудайн талбайг хамруулснаар нийт тариалсан талбайн 75.2 % нь соёололтоор онц, сайн үнэлгээтэй гарсан талаар албаныхан онцоллоо.

2871 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохиулжээ

Хавар 5,6 дугаар саруудад нийт нутгаар сэрүүн, 7-8 дугаар саруудад  бороо үргэлжлэн орсны улмаас тарианы болц урьд жилүүдийнхээс 5-8 орчим хоногоор оройтож болзошгүй байгаа бөгөөд нийт ургацын 80 хувь нь аарцан болцын эхэн болон дунд үедээ, 20 хувь нь сүүн болцын төгсгөлийн үедээ ороод байгаа ажээ. Ингэснээр цаг агаар харьцангуй тааламжтай байвал есдүгээр сарын эхний арав хоногт багтаж тариа хураалтын ажил жигдрэх боломжтой юм байна.

Ус цаг уурын хүрээлэнгээс өгч буй урьдчилсан мэдээгээр наймдугаар сарын 29-30-ы өдрүүдэд хөрсөн дээр цочир хүйтрэх төлөвтэй байгаа тул болц дутуу таримлыг хяруунаас хамгаалах, төмс, хүнсний ногоог хайрагдахаас сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлийг орон нутагт хүргүүлээд байгаа ажээ. Ийнхүү байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Сэлэнгэ, Булган, Архангай аймагт нийтдээ 2871 га үр тарианы талбайн ургац мөндөрт цохиулсан байна.

Дотоодын гурилын хэрэглээг бүрэн хангана гэв

Дотоодын нэг жилийн гурилын хэрэгцээг хангахад 328.6 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд ургац хураалтын урьдчилсан балансаас харахад 2013-2014 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах төлөвтэй байгаа талаар салбарынхан мэдээллээ.  Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулах ажээ. Ингэхээр гурил үйлдвэрлэлд нийт 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байгаагаас Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0  мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарч буй юм байна. Үүн дээр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж буй 10.5 мянган тонн буудайг нэмж тооцвол нийтдээ 328,5 мянган тонн буудайн нөөц бүрдэж байна. Ийнхүү дотоодын хэрэглээг бүрэн хангах гурил үйлдвэрлэхэд шаардлагатай улаан буудайг энэ жилийн ургацаас авах юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж