МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2013.08.27-нд нийтлэгдсэн

МИАТ-ийн экс удирдлагуудыг шүүх хурал хойшиллоо

Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь анхан шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдод хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх учиртай байсан. Гэсэн ч шүүх бүрэлдэхүүн хэргийг шүүхэд шаардлагатай материал болоод бусад зүйлстэй бүрэн гүйцэд танилцах хугацаа хэрэгтэй гэж үзсэн тул хэргийг ирэх есдүгээр сарын 03-нийг хүртэл хойшлууллаа.

МИАТ компанийн удирдлагууд нь анхан шатны шүүхээс оноосон 10-14 жилийн хорих ялыг эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд ийнхүү хандаад байгаа юм. Мөн өнөөдрийн хуралдаанаар шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Шүүгдэгчдийг дараагийн шүүх хуралдаанд оролцуулах” хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна.

МИАТ-ийн гэх энэхүү хэрэгт МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, дэд захирал асан  Б.Бат-Эрдэнэ,  МИАТ хувьцаат компанийн захирал асан Ц.Орхон, иргэн Ч.Хоролсүрэн, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтох, “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэг нарт анхан шатны шүүхээс ял оноогоод байгаа билээ. Тодруулбал,  МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг сар, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг сар, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг сар, Ч.Хоролсүрэнгийн дүү, "Монголиан эйрлайнс" группын захирал асан Ч.Суурьтогтоход 10 жил нэг сар, 1997-2007 онд “Голомт” банкны зургадугаар салбарын захирлаар ажиллаж байсан Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон юм. Дээрхи хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-т зааснаар бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн, 166.3-т зааснаар мөнгө угаасан, 156.3.3-т зааснаар банкны хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр буруутган ялласан байдаг.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж