Сүхбаатар дүүргийн олимпийн зөвлөл, ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран “СОЧИ-2014” өвлийн олимпийн наадмыг угтаж олон арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд, ОХУ-ын Элчин сайд В.В.Самойленко өнөөдөр “Olympic house”-т зочилж, МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзлаа. Уулзалтын явцад Монголд өвлийн спортыг хөгжүүлэхэд ОХУ-ын тусламж дэмжлэгийг авах, өмнөх уламжлалын дагуу тус улсад дасгалжуулагч багш нарыг бэлтгэх зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа.
Мөн Монгол дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирэх хичээлийн жилд Монголын сургуулиуд болон МҮОХ-той хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов.
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ноён В.В.Самойленког МҮОХ-нд зочилсонд талархал илэрхийлээд, "Олимпийн алдар" одонгоор шагнасан байна. Элчин сайд В.В.Самойленко уулзалтын дараа “Олимпийн музей” үзэж сонирхон, хэвлэл мэдээллийнхэнтэй уулзсан юм. Энэ уулзалтад ОХУ-ын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга, соёлын атташе О.К.Ракшаева байлцав.
С.ӨЛЗИЙЖАРГАЛ