ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин, мэргэжилтэн С.Энхбаяр, Чойжин ламын сүм музейн захирал Н.Ангирмаа болон Театрын музейн захирал Н.Хосбаяр нар хэвлэлийн хуралд оролцлоо.
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт аялал жуулчлалын салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн жуулчлалын төрлүүд, түүний дотор тусгай сонирхлын, байгалийн, соёлын аялал жуулчлалыг бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгагдсан байдаг.
Манай оронд сүүлийн гурван жилийн хугацаанд дунджаар 464145 гадаадын төлөөлөгчид ирсэнээс чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, алжаал тайлахаар ирсэн жуулчид 69,6 хувийг эзэлж байна. Дээрх жуулчид аялалын нөхцөл, үзмэр үйлчилгээний талаар өгсөн үнэлгээгээр нүүдлийн соёл, ахуй, зан заншилд 43,7%, нутгийн иргэдийн найрсаг байдал 40,2%, тур операторын үйлчилгээ 31,4%, хөтөчийн үйлчилгээ 30,8% -ийн сэтгэл ханамжтай байсан гэсэн үнэлгээг өгсөн аж. Иймд Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/297 дугаар тушаалаар ажлын хэсэг гарч төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллага, улсын болон орон нутгийн чанартай музейнүүдын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2003 оны 54 дүгээр тушаалын 3 дугаар заалтын хэрэгжилтийг хангаж, гадаад, дотоодын иргэн, жуулчдад ялгаваргүй үнийн тарифаар үйлчилж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийжээ.
Гэвч “Үйлчилгээний тариф тогтоох тухай” уг тушаал гараад өдгөө 10 жил болж байгаа хэдий ч гаргасан тушаал, шийдвэрийн биелэлтэндээ хяналт тавих тогтолцоо сул байснаас төрийн өмчийн соёл урлагийн байгууллагууд гадаад, дотоодын иргэн, жуулчдад баталсан тушаалын дагуу нэг үнээр, үнийн ялгаваргүйгээр үйлчлээгүй гэнэ. 2003-2013 онд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагууд, улс, орон нутгийн чанартай музейн үзвэрийн тасалбарын үнийн өөрчлөлтийг судлан дүнг нэгтгэн гаргахад, Төвийн мэргэжлийн урлагийн таван театр, чуулгаас нэг байгуулага 9000 төгрөг, улсын чанартай есөн музейнээс гурван музей 500-1500 төгрөг, орон нутгийн 22 театр, чуулгаас хоёр театр, чуулга 2000-10,000 төгрөг, 24 музейнээс 21 музей 1000- 3000 төгрөгийн ялгавартай үнээр гадаадын иргэн, жуулчдад үйлчилж ирсэн байна.
Шалгалтад хамрагдсан тус яамны харъяа байгууллагуудаас Монголын Театрын музей, Чойжин ламын сүм музей, Хархорин музей үнийн ялгавартай тарифаар үйлчилсэн тул Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны Б/314 тушаалаар дээрх байгуулллагын дарга нарт сануулах сахилгын шийтгэл ноогдуулаад байгаа гэнэ. Мөн орон нутгийн мэргэжлийн урлагийн зарим байгууллага, ихэнх музейнүүд ялгавартай үнийн тарифаар үйлчилж байгаа тул аймгуудын Засаг дарга нарт энэ талаар тодорхой арга хэмжээ авч ажиллах талаар албан бичгийг хүргүүлэх гэж байгаа юм байна. Түүнчлэн соёл, урлагийн байгууллагуудын үзвэрийн үнийн тарифийн ялгааг арилгах чиглэлээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын 2013 оны А/315 дугаар тушаалаар төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн байгууллагуудын захирал нарт гадаад, дотоодын жуулчдад үнийн ялгаваргүй үйлчлэхийг үүрэг болгоод байна.
Уг асуудлын хүрээнд ССАЖЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга Н.Энхтүвшин зарим асуултанд хариулт өглөө.
-Ер нь дэлхийн бусад оронд үзвэр үйлчилгээ нь хэр ялгаварлалтай байдаг юм бол?
-Та бүхэн ч гэсэн гадаад улс орон явж үзсэн байх. Манай оронд байдаг шиг хэт өндөр үнийн дүнгийн зөрүү бол байдаггүй. Бид хэт ингэж ялгаварлан гадуурхсанаар монгол орны нэр хүнд унахаас өөр илүү үр дүн байхгүй.
-Ялгаварлалтай үнийнхээ зөрүүг ямар байдлаар ашиглаж байсан бэ? Билетний үнийн зөрүүн дээр завшиж байсан тохиолдол бий юу?
-Зүй бусаар зориулалтын бусаар зарцуулсан зүйл бол байхгүй.
-Жуулчдаас ер нь хэр их үнийн ялгавартай тарифийн талаар санал гомдол ирж байсан бэ?
-Нилээдгүй санал гомдол ирж байсан.
-Ямар нэгэн байдлаар ялгаварлан гадуурхалтай үнийн тарифаар үйлчилсэн байгууллагуудад арга хэмжээ авах юм бол ямар арга хэмжээ авах вэ? Одоогийн байдлаар ямар хэмжээ аваад байгаа вэ?
-Одоохондоо хуулинд заасан сахилгын арга хэмжээ авч байгаа. Цаашдаа уг алдааг гаргасан албан байгууллагын удирдлагатай дараагийн шатны арга хэмжээ авна. Өөрөөр хэлбэл эхний ээлжинд эдгээр байгууллагуудын удирдлага ард иргэдээсээ уучлалт гуйх мөн үнийн тарифаа шинэчлэн тогтоох гэх мэтчилэн арга хэмжээнүүдийг авч байна.
-Хэрвээ үнийн тарифийг шинэчлэн тогтоох юм бол яаж тогтоох вэ? Ямар журмаар тогтоох юм бол?
-Үүн дээр хяналтын байгууллагууд ажиллана. Мэдээж хамгийн боломжтой үнийг тогтоох болно.
Мөн энэ үеэр ҮДБЭЧ-ын захирал Г.Цоггэрэл бүх ард иргэдээсээ уучлалт гуйсан бөгөөд цаашдаа Театрын музейн ахин ийм асуудал гаргахгүй гэдгээ хэвлэлийхэнд мэдэгдсэн юм. Тэрээр “Би Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын захирлын албан тушаалыг аваад жил гаран болж байна. Анх уг албан тушаал дээр очихдоо үнийн ялгавартай тариф гэдэг тушаалыг бол хараагүй нь миний буруу болсон. Монгол хүн 10000 төг, гадаад хүн 25 000 төгрөгөөр үзвэр үзэх үнийн тариф байсан. Цаашдаа манай байгууллагаас ахин гадаад хүн, эрлийз хүүхдүүд гэх тийм ялгаа гаргаж тасалбараа борлуулахгүй гэв.