Монгол Улсаар овоглосон олон улсын дугуйн уралдаан энэ жил дөрөв дэх жилдээ болох гэж байна. “Mongolian Expeditions” компаниас жил бүр зохион байгуулдаг тус уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэй болох бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллаж буй юм.
Дэлхийн дугуйчдын хувьд хүлээлт үүсгэх болсон тус уралдаан наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 7-ны хооронд үргэлжилнэ. Уралдааны нээлт энэ сарын 31-нд Цонжин Болдог дахь Чингисийн морьт хөшөө цогцолборт болох юм. Тамирчид есдүгээр сарын 1-нд гараагаа хийж, 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Genco Tour Bureau” компанийн “XIII зуун” цогцолборт барианд орох ёстой.
Энэ жилийн уралдаанд 24 орны 108 дугуйчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Тамирчид уламжлал ёсоор хаан, спортсмен, мастер-1, мастер-2, ахмадын, эмэгтэйчүүдийн болон тандем буюу хос дугуй гэсэн долоон ангилалд өрсөлдөх бөгөөд нийт долоон гарааны туршид 850 км замыг туулах юм. Түүнчлэн зохион байгуулагчдын зүгээс уралдааныг сонирхолтой болгох үүднээс энэ жил багийн төрлийг шинээр нэмсэн байна. Энэ төрөлд гурван тамирчны бүрэлдэхүүнтэй есөн орны баг тамирчид өрсөлдөх ажээ.
Уралдааны хамгийн сонирхолтой ангилал болох мэргэжлийн дугуйчдын ХААН ангилалд 40 шилдэг дугуйчид өрсөлдөнө. Тэдний дунд “Mongolia Bike Challenge-2012” уралдааны аварга, Канадын дугуйч Кори Уоллос, Японы топ дугуйчдын нэг Коизуки Такэ, Испанийн шилдэг триатлонч Марсел Замора нарын шилдгүүд багтжээ.
Уралдааныг дэлхийн дугуйн спортын топ сайтууд болох Cyclingnews.com болон Pinkbike.com сайтууд онлайнаар шууд түгээх болно. Уралдааны үеэр мөн Испанийн хэвлэл мэдээллийн томоохон агентлаг болох “MEDIASET” Монголын нүүдэлчдийн ахуй амьдралын талаар баримтат кино хийхээр болжээ.
Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Mongoliabikechallenge.com сайтаас авч болох юм.