Уулзалтаар хоёр орны парламент хоорондын харилцаа, хамтын ажиллагааг харилцан танилцуулж, арга туршлагасаа ярьж санал солилцов. Киргизийн парламентын төлөөлөгчдийн зүгээс энэ удаагийн уулзалт нь хоёр орны парламентын бүлгүүд хоорондын харилцааг улам бататгахад чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа хэллээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар зочдод өөрийн орны хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэд сонгогчдын зүгээс парламентад тавих хяналт сайжирсаныг онцолж хэллээ. Тэрээр цааш нь УИХ-ын чуулганы үйл ажиллагааг зөвхөн Монголдоо шилэн кабелиар, ухаалаг гар утсаар төдийгүй дэлхийн бүх оронд интернэтээр үзэх боломжтой болсныг дурдав.
Мөн тэрээр уул уурхайн салбар, жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хэрхэн хамтран ажилладаг, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлдэг талаар сонирхсон Киргизийн парламентын төлөөлөгчдийн асуултад мэдээлэл өгч, харилцан санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.