Өмнөд Африк зарлагаа нөхөж чадах уу

Хуучирсан мэдээ: 2010.06.10-нд нийтлэгдсэн

Өмнөд Африк зарлагаа нөхөж чадах уу

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалга­руулах тэмцээн (ДАШТ) Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад маргааш эхлэх гэж байна. Хар тивийн хамгийн баян орон уг үйл явдлыг зохион байгуулж буйнхаа хувьд ойролцоогоор 300 мянган жуулчин хүлээн авна хэмээн тооцоолж байгаагаа мэдэгджээ.

Эдийн засагчдын тооцоолж буйгаар,   Өмнөд Африкийн эдийн засаг энэ оны хоёрдугаар улиралд дөрвөн хувиар, гуравдугаар ули­ралд 3.9 хувиар өсөх юм. Харин 2010 оны эцэс гэхэд дунджаар 3.1  хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоо байна.

Энэ зургадугаар сараас эхлэн тус улсад жуулчлагчдын тоо эрс нэмэгдэх нь тодорхой юм. Өнгөрсөн нэгдүгээр улиралд Өмнөд Африкийн эдийн засаг 4.6 хувиар өссөн нь таамаглаж байснаас хол давсан үзүүлэлт болжээ. Мэдээж хэрэг энэ бүхнийг ДАШТ-тэй холбон ойлгох нь дамжиггүй. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн хөгжил, аялал жуулчлалын салбар дахь ашиг орлого эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн сард хийсэн судалгаагаар 373 мянган жуулчин ирэх тооцоотой байгаагийн 230 мянга нь тэмцээн үзэхээр тасалбар худалдан авсан хүмүүс юм. Гэвч дэлхийн бусад оронд бүсээ чангалж, зардлаа багасгахаар чармайж байгаатай Өмнөд Африкийн аялал жуулчлал ихсэж буйг харьцуулахад тийм ч таатай зүйл ажиглагдахгүй байна хэмээн эдийн засагчид үзжээ. Өөрөөр хэлбэл, хөлбөмбөгийн хор­хойтнуудын гаргах зардал  нь хямралын үед тийм ч оновчтой санаа биш юм.

ДАШТ-ийн бэлтгэл ажилд зориулж олон тэрбум ам.долларыг цэнгэлдэх хүрээлэн барьж байгуулах зэрэг ажилд зарцуулж   байгаа билээ. Энэ нь богино хугацааны  ажлын байрыг олноор бий болгожээ. Судалгаагаар Өмнөд Африкт нийт ажиллах хүчний  талбарын 25 хувь нь буюу дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй гэж гарсан. Харин  энэ үзүүлэлт он гарснаас хойш бага зэрэг хэлбэлзэж эхэлжээ. Цаашид дээрх хувь 24.3 болж буурна гэж тооцож байна. 

Өмнөд Африкт дотоодын хэ­рэглээний өсөлт харьцангуй хурд багатай байгаа. Он гарснаас хойш тус улсын дотоодын нийт бү­тээгдэхүүн 1.6 хувиар өсчээ. Энэ нь үйлдвэрлэл, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний гаралт 15.4 хувь болж  нэмэгдсэнтэй холбоотой аж. Мөн тус улсын Нөөцийн банк­наас гаргасан урьдчилсан тооцоогоор энэ онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2.7 хувьтай гарах юм. Харин ирэх онд 3.6 хувь болж нэмэгдэнэ гэжээ. Олон улсын зах зээлд Хятад тэргүүтэй орны нөлөөгөөр түүхий эдийн эрэлт ихэсч байгаатай холбогдон тус улсад уул уурхайн салбар өргөжиж байгаа билээ. Өнгөрсөн сарын 10-нд Өмнөд Африкт төрийн мэдлийн “Транснет”-ийн олон мянган ажил­чид ажил хаялт зарлаж, нэлээд олон тэрбум ам.долларын алдагдал учруулсныг эс тооцвол энэ улсын эдийн засаг ч өөдрөг яваа. Тухайн үед “Транснет”-ийн ажилчдын 45 хувь  нь ажил хаялтад оролцож, цалингаа 11 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьсан юм. ДАШТ эхлэх гэж байгаатай холбогдуулан зам тээврийн салбараа яаралтай хэвийн байдалд нь оруулахаас өөр аргагүй болсон Өмнөд Африкийн Засгийн газар энэ сарын 1 гэхэд ажилчидтай хэлэлцээрт хүрч чаджээ. Гэвч үр тарианы экспортоороо дэлхийн зах зээл дээрх гол өрсөлдөгчид болох Шинэ Зеланд, Австрали, Өмнөд Америктэй энэ зэрэгцэн яваа тус улсын хувьд зөвхөн жимсний үйлдвэрлэл л гэхэд өнгөрсөн онд нэг тэрбум ам.долларын алдагдалд оржээ.

Өмнөд Африк хөлбөмбөгийн ДАШТ-ий бүтээн байгуулалтад зориулж нийт 3.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. Үүнээс зам тээврийн салбарт 1.2 тэрбум ам.доллар, цэнгэлдэх хүрээлэн барих ажилд 1.12 тэрбум ам.доллар, хамгаалалтын асуудалд 89 сая ам.доллар гэх мэтээр гаргасан аж. Энэ нь дөрвөн жилийн өмнө Германы зарцуулсан хөрөнгөөс ч их юм. ДАШТ-ийг зохион байгуулагч Олон улсын хөлбөмбөгийн нийгэмлэгийн холбоо (ФИФА) –ноос 1.1 тэрбум ам.доллар гаргасан бол үлдсэн хөрөнгийг нь Өмнөд Африкийн Засгийн газар гаргажээ. Тус улсын хувьд 1995 оны Регбигийн дэлхийн аваргын тэмцээнээс хойш анх удаа олон улсын нэр хүндтэй тэмцээн зохион байгуулж буй нь энэ юм. Түүнчлэн энэ нь түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй хөлбөмбөгийн ДАШТ болж байна.

Зохион байгуулагч “ФИФА” тасалбарын борлуулалтаас олох орлого, ивээн тэтгэгч компаниудтай хийсэн хэлэлцээрийн ашиг, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дам­жуулах эрхийг худалдаалж олох хөрөнгө зэргийг бүгдийг нь халаасална. Гэтэл Өмнөд Африкийн хувьд 30 өдрийн турш улс орноо сурталчлахын тулд ийм их зардал гаргах нь үнэхээр ашигтай эсэх нь эргэлзээтэй юм. Хөлбөмбөгийн ДАШТ дууссаны маргаашаас л спортын ертөнцөд Өмнөд Африк мартагдах нь тодорхой шүү дээ.

Шинээр байгуулсан цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд хө­рөнгө оруулагч, ДАШТ-ийн спон­сор байгууллагуудын бараа бү­тээгдэхүүнийг худалдаалахаар бол­жээ. Ер нь ч тэгдэг. Гэтэл ингэхийн тулд жижиглэн худалдаа эрхлэгч энгийн иргэдийн арилжааг зогсоож, тэднийг тэмцээн дуустал цэнгэлдэх хүрээлэнгийн ойр орчимд байрлахыг хоригложээ. Энэ нь энгийн хүмүүсийн аж амьдралыг улам доройтуулах нь ойлгомжтой. Энэ тухайд нутгийн иргэд бухимдаж буйгаа илэрхийлж, BBC агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна. Тэд “Баячууд улам баяжиж, ядуус улам ядуурсаар ДАШТ-ийг дуусгах болно” гэжээ.

Түүнчлэн “ФИФА”-ийн албаны төлөөлөгч Жероми Валкигийн мэдэгдсэнээр хар тивд ердөө 40 мянган тасалбар л борлогджээ. Үлдсэн хэсэг нь бусад тивийн хорхойтнуудын халаасанд ор­сон байна. Үүний шалтгаан нь тасалбарыг анхнаасаа интернетээр худалдааж эхэлсэнтэй холбоотой аж. Төлбөрөө зөвхөн кредит кард ашиглан хийх боломжтой байв. Тиймээс дээрх асуудлаар Өмнөд Африк, “ФИФА” нэлээд шүүмжлэлд өртөөд байгаа билээ. Харин тасалбарын үнийн тухад хамгийн хямд нь 80 ам.доллар байгаа нь Африкийн ядуу орны хөлбөмбөгийн хорхойтнууд худалдан авахад тохиромжтой.

Т.Элиса
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж