ОХУ-ын засгийн газрын төлөөлөгчид спиртний төрлийн бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр худалдаалахыг хориглох санал дэвшүүлжээ. Архи худалдан авахыг хүссэн хүн картаар тооцоогоо хийвэл архины худалдааг хянаж, насанд хүрээгүй хүүхдэд худалдахыг хязгаарлаж болно хэмээн үзэж байгаа гэнэ. Одоогоор жижиг хот, сууринг карт унших төхөөрөмжөөр хангаж, хяналт тавихад хэцүү ч энэ талаар судалж байгаа ажээ.
Засгийн газраас архидалтыг багасгах зорилгоор 2009 оноос эхлэн шөнийн цагаар спиртний төрлийн бүтээгдэхүүн зарахыг хориглосон шийд гарч байсан билээ. Орос улсад сүүлийн хоёр жилд архины хэрэглээ 30 хувь буурсан гэж судлаачид энэ оны нэгдүгээр сард мэдэгдэж байжээ.
С. ӨЛЗИЙЖАРГАЛ