Наймдугаар сарын 14-20-ны өдрүүд болсон энэхүү олон улсын тэмцээнд 17 багийн тамирчид өрсөлдсөнөөс манай боскчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн байна. Тайванийн нийслэлд гуравдахь удаагаа зохиогдсон энэхүү тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван боксчин оролцож, эрэгтэйчүүдийн 64 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг мөнгө, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд М.Нандинцэцэг хүрэл медаль хүртжээ.
Мөн энэ тэмцээнийг Олон улсын боксын холбооны гурван одтой шүүгч Цэвэгсүрэнгийн Нандигжав шүүсэн бол тэмцээний эмнэлгийн комиссын даргаар Ойдовын Отгонжаргал нар оролцсон байна. Ц.Нандигжав бол манай улсын хамгийн өндөр цолтой боксын шүүгчдийн нэг юм. Харин “Тайваний цом” олон улсын тэмцээний эмнэлгийн комиссын даргаар ажилласан О.Отгонжаргал нь МУ-ын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн гэр бүлийн хүн гэдгийг спорт сонирхогчид мэднэ.
“Тайваний цом” буюу “Taipei City Cup – 2013” тэмцээнд оролцож, амжилттай ажилласан багийн ахлагч болон албаны хүмүүсийг Олон улсын боксын холбоо /AIBA/-ны нэрэмжит сертифекатаар урамшуулсан байна. Энэхүү сертифекатаар багийн ахлагч Гавьяат тамирчин Т.Үйтүмэн, тэмцээний шүүгч, AIBA-гийн гурван одтой шүүгч Ц.Нандигжав, эмнэлгийн комиссын даргаар ажилласан О.Отгонжаргал нар хүртжээ.
Тэмцээнд 17 орон оролцсоноос 13 нь ямар байдлаар медаль хүртсэн байна. Тэмцээнийг таван алт, хоёр хүрэл медальтай Тайландын баг тэргүүлсэн бол хоёр алт, хоёр мөнгөн медальтайгаар БНАСАУ-ын баг хоёрдугаар байрт шалгарсан байна. Харин манай баг мөнгө, хүрэл медальтайгаар есдүгээр байрт шалгарчээ.