
Үүнд өмнөх болон одоогийн Засгийн газрыг буруутгаж байгаа нь зүй ёсны хэрэг юм. Гэхдээ Засгийн газар шат, шатны хариуцлагын асуудлыг сөхөж, энэ удаад “Оюутолгой” компанийн ТУЗ-д Монголын эрх ашгийг төлөөлөн ажилладаг гурван гишүүн үүргээ хэр биелүүлсэн бэ гэдгийг шүүх учиртай гэж хөндлөнгийн шинжээчид үзэж буй. Монголын Засгийн газар, ард түмний өмнө үүрэг хүлээсэн ТУЗ-ийн гишүүнээр Н.Багабанди, П.Цагаан, Ч.Ганболд нар ажилладаг. Тэгвэл тэдний хариуцлагын асуудлыг Засгийн газар ойрын үед хэлэлцэхээр төлөвлөж байгаа төдийгүй осол, зөрчил давтагдах болсон үндэслэлээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн даргын асуудлыг ч бас хэлэлцэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын зүгээс “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүд, төмөр замын даргын томилгоог дахин хийхээр болсон гэх мэдээлэл байна.