Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши тэргүүтэй төлөөлөгчид бараалхав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэмсэг ноён М.Хаяши тэргүүтэй Японы парламентын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, ноён М.Хаяши Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг Монгол УлсынЕрөнхийлөгчид гардуулан өгөв. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа талархаж буйгаа ноён М.Хаяшид илэрхийллээ.
Японы парламент дахь Либерал ардчилсан намын Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.ХаяшиМонгол Улсын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсонд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баяр хүргээд хоёр жилийн дараа Монголд эргэн айлчилж, Ерөнхийлөгчтэй дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь Японд айлчлахдаа тус улсын парламентад үг хэлж, Японы парламентын дээд, доод танхимын бүх гишүүд түүний үгийг сонсоод маш их сэтгэл хөдөлж байсныг ноён М.Хаяши уулзалтын үеэр дурсч, Ерөнхийлөгчийн үгийг альбом болгон хэвлүүлж авчирснаа дурсгал болгон гардуулж өглөө. Мөн хоёр жилийн өмнө Японы парламентын гишүүд Монголд айлчлахад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаг зав гарган тэднийг хөдөө хүлээн авч, Японы төлөөлөгчид түүнээс морь унахыг сурч байснаа эргэн дурсацгаасан юм. Бас сумо бөхийн Якузоно Хакухо М.Даваажаргалын мэндчилгээг Ерөнхийлөгчид уламжилж уулзалтын эхний хэсэг хуучны анд нарын элэгсэг дотно, халуун дулаан дурсамж дүүрэн боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төлөөлөгчдөд хандан талархал илэрхийлээд “Та бүхэн цаг зав гаргаж Монгол оронд дахин айлчлан ирсэнд туйлын их баярлаж байна. Манай хоёр орны харилцаа улам бүр гүнзгийрэх сайхан мөчид энэ удаагийн айлчлал таарч байгаад баярлаж байна. Японы парламентын хоёр танхимд хоёуланд нь ялж олонхи болсонд та бүхэнд мөн баяр хүргэе. Ерөнхий сайд Ш.Абэгийн хэрэгжүүлэх гэж байгаа үйл ажиллагаа, хөтөлбөр хэрэгжих сайхан нөхцөл бүрдсэнд би их баяртай байна” гээд Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад саяхан айлчилсныг дурдлаа. Энэ айлчлалын үеэр хоёр орны харилцааг идэвхжүүлэхэд чиглэсэн “Эрч” гэдэг сайхан санаачлагыг дэвшүүлсэнд баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал сайн байгаа. Ойрын хоёр жил дараалан сонгуультай байсан бол ирэх хоёр жилд ямар нэг сонгууль байхгүй. Монгол Улсын бүтээн байгуулалтад анхаарал хандуулж ажиллана гэдгийг танилцуулав.Ардчилсан намын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ, орон нутгийн сонгуульд дараалан ялж Ерөнхийлөгч, УИХ дахь олонхи, Ерөнхий сайд нэг санаатайгаар ажиллах боломж нөхцөл бүрдсэнийг мөн хэлж байлаа.
Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын удахгүй Японд хийх айлчлал ихээхэн ач холбогдолтой гэж Монголын тал үзэж байгаа юм. Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг хоёр тал хамтран боловсруулж байгаа бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Японд хийх айлчлалын үеэргарын үсэг зурна гэж итгэж байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлэв. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагааны EPA хөтөлбөрийг ойрын үед байгуулах нь чухал гэж Монголын тал үзэж байгааг дахин илэрхийллээ. Японы хувийн хэвшлийн компаниуд Монголд хөрөнгө оруулахдаа нэлээд судалгаа хийдэг. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хоёр орны Засгийн газар хоорондын харилцаа, ялангуяа Засгийн газрын шугамаар хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээл Японы хувийн хэвшлийг идэвхжүүлэхэд ихээхэн татах хүч болж үйлчилнэ гэдэгт найдаж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч тэмдэглэж хэллээ.
Монгол Улс НҮБ-ын шинэчлэлийг дэмжиж, Япон улсын энэ үйл хэрэгт оруулж ирсэн хувь нэмрийг ямагт өндөр үнэлж байдаг. Япон улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүнээр элсэх хүчин чармайлтыг нь цаашид дэмжиж ажиллана гэдгийг мөн нотлон хэлсэн юм.
“Японы Ерөнхий сайд Ш.Абэг Монголд айлчлах үеэр “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаар Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачлагыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ санаачлагыг гүнзгийрүүлж хамтарч ажиллах бодолтой байгаа. Таны өгсөн бэлэг дурсгалууд, ялангуяа Ерөнхий сайд Ш.Абэгийн захидлыг хүлээн авсандаа туйлын баяртай байна. Хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхэд УИХ, Японы парламент дахь найрамдлын бүлгүүдийн хүчин чармайлт маш их байдгийг цохон тэмдэглэе. Бид та бүхэнтэй маш ойрхон харилцаж ажиллахад бэлэн байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
Японы төлөөлөгчдийн айлчлалыг Японы хувийн хэвшлийн 53 төлөөлөгч дагалдан иржээ. Бизнесийн төлөөлөгчид дэд бүтэц, хөдөө аж ахуй, спорт, аялал жуулчлал гэсэн гурван хэсэгт хуваагдан Монголын хувийн хэвшлийнхэнтэй уулзаж туршлагаа хуваалцаж байгаа юм байна. Энэ нь Японы парламентын төлөөлөгчдийн хувьд анх удаа бизнесийн салбарынхантай хамтран айлчилж байгаа тохиолдол ажээ. Японы тал одоо байгаагаас илүү олон тоогоор Монголоос оюутан, дадлагажигч авч сургахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр хөнгөлөлттэй зээлийн талаар яригдах гэж байгаад баяртай байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын төгсгөлд илэрхийлэв. Ноён М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлал өндөр үр дүнтэй болно гэдэгт найдаж буйгаа хариу илэрхийлж байлаа.