
Нийслэлийн Засаг дарга захирамж гарган “Нарантуул” худалдааны төвд үүссэн нөхцөл байдлыг зохицуулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулж, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, Замын цагдаагийн газрын дарга, дүүргийн цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр ажлын хэсэг байгуулан гурван хоногийн турш тасралтгүй ажиллаж байна.
Харин эдгээр өдрүүдэд Нийслэлийн цагдаагийн газрын болон төвийн таван дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд, Хэв журам хамгаалах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Шүүхийн шинжилгээний байгууллагын ажилтнууд “Нарантуул” худалдааны төв дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ухуулах сурталчилгаа хийх, эмх замбараагүй байдал үүсэхээс сэргийлж, хэв журмын хамгаалалт гарган ажиллаж байна.
Түүнчлэн галын улмаас хохирсон иргэдийг зохион байгуулалттайгаар хэргийн газарт оруулж, шатсан эд зүйлийг таниулж, хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын ажиллагаа хийх зэргээр нийтдээ цагдаагийн 585 алба хаагч 72 цагийн турш амралтгүй ажиллаж буй ажээ.
Одоогийн байдлаар хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагаа Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт явагдаж байна. Харин шатсан худалдааны төв рүү цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын дор түрээслэгчдийг хэсэгчлэн шинжилгээний төвийн ажилтнууд, мөрдөн байцаагчдын хамт оруулж, шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч байна.
Шатсан худалдааны төвд ажиллаж байгаа цагдаагийн ажилтнууд одоогийн байдлаар нэгдүгээр давхрын нурангиас 40 мянган ам.доллар /шатсан байдалтайгаар/, зургаа орчим сая төгрөг бэлнээр, мөн хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах арга хэмжээг зохион байгуулж байна.
Өчигдөр 18.00 цагийн орчимд онцгой байдлын алба хаагчид хэргийн газар ажиллаж байгаа мэргэжлийн хяналтын байцаагчдын гаргасан дүгнэлтээр салхи бороонд нурж, иргэдийн амь насанд хохирол учруулж болзошгүй болсон дээврийн краказ төмрийг тасдаж, өргөгч кранаар зайлуулснаар орчны байдлын аюулгүй байдлыг хангаж чаджээ.
Нийслэлийн онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтэс, аврах, гал унтраах 10, 14, 18, 63, 34 зэрэг зургаан анги, Нийслэлийн аврах ангийн нийт 320 алба хаагчид 72 цагийн турш амралтгүй ажилласан байна. Онцгой байдлын алба хаагчид “Нарантуул” худалдааны төвийн хүнсний битүү захад гарсан мэдээллийг баасан гаригийн 06.22 цагт галын дуудлага авч, долоон минутад амжиж ирсэн байна. Гал ихээхэн газрыг хамарч, хүчтэй байсан хэдий ч гал унтраах үйл ажиллагааг зохион байгуулалттай, үе шаттайгаагаар мэргэжлийн төвшинд амжилттай явуулснаар 11.30 цагт бүрэн унтраасан байна.
Онцгой байдлын алба хаагчид хүнсний битүү захын галыг унтраахаас гадна, захын гадна байрлах чингэлгүүдийг галд өртөхөөс сэргийлж усан хөшиг татах арга хэмжээг авч ажилласан байна. Ингэснээр хүнсний битүү захын эргэн тойронд байрласан чингэлгүүдэд хадгалсан иргэдийн ихээхэн хэмжээний эд хөрөнгийг галын аюулаас хамгаалж чаджээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналт, дүүргийн мэргэжлийн хяналтын нийт 45 алба хаагчид “Нарантуул” худалдааны төв дээр 72 цагийн турш ажиллаж, шатсан барилгын бүтэц, багана, дам нурууны хучилт, шал, дотор хана, цонх хаалганы чанар байдалд үзлэг, шалгалт хийж, холбогдох арга хэмжээг авахуулж ажилласан байна.
Шатсан худалдааны төв нь 1999 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд барилга байгууламжийн комиссын шийдвэргүйгээр ашиглагдаж байсан, өөрөөр хэлбэл ямар ч зөвшөөргүй, хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байгууламж байсан гэнэ.
Дашрамд дурдахад, “АРКОН” ХХК-ийн зургаар хүнсний битүү худалдааны төвийг барьсан бөгөөд тэнхлэгээрээ 126.0х69.0 хэмжээтэй, хоёр заал, хүзүүвчээр холбогдсон, дотор талдаа уртын дагуу тэнхлэгээрээ тавцанд суурилуулсан чингэлэгтэй, доороо зоорийн хонгилтой, төмөр бетон багана, баганаа анкераар бэхэлсэн, блокон хана, хагас дугуй сараалжин хучилттай, сендвичин дээвэртэй, инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон байжээ.